Үндэсний статистикийн хорооны мэдээллээр оны эхний таван сарын эцэст ажилгүй иргэдийн тоо 39.4 мянгад хүрээд байгаа аж. Үүнээс бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 28.5 мянга байгаа бол ажилтай боловч ажил хайж байгаа 10.9 мянган иргэн байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (15.4%) мянган хүнээр, өмнөх сараас 4.5 (13.7%) мянган хүнээр буурч, 28.5 мянга болжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.3 мянга нь Улаанбаатарт, 6.3 мянга нь Төвийн бүсэд, 5.8 мянга нь Баруун бүсэд, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 2.9 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний таван сард ажилгүй 32.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 5.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 33.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 17.9 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 3.5 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 7.7 мянган хүнээр буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 29.9 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.7 хувийг суурь, 6.1 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой, 1.6 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Б.Орхон