Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолоор "Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг жил бүр зохион байгуулж байхаар тогтоосон.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчлах арга хэмжээг ЗГХЭГ-аас өгсөн хуваарийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 06 сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах тусламж, үйлчилгээг нээлттэй хүргэх, төвийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Сэргээн засах эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр: Артерийн даралт үзэх, Цусан дах сахар тодорхойлох, Хэсгийн бариа засал хийх, Хөдөлгөөн засал, Хөдөлмөр засал, Хэл заслын зөвлөгөө өгөх түүнчлэн шаардлагатай иргэдэд Сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхийн бичгийг олгоно.
- Протез, ортопедийн тусгай хэрэгслийн чиглэлээр: Үзэсгэлэн гаргах, үйлчлүүлэгчдээс протез, ортопед, тусгай хэрэгслийн хэмжээ авах, захиалга авах, санхүүгийн анхан шатны баримт, нэхэмжлэх бичих, мөн протез, ортопедийн хэрэгслийн зөв хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгнө.
- Боловсролын сэргээн засалтын чиглэлээр: Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудын хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргах, Мэргэжлийн сургалтын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, Сургуулийн үндсэн ангиуд болон түр сургалтын ангидаа элсэлт авах, мөн шаардлагатай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст суралцах эрхийн бичиг олгоно.
Нийгмийн сэргээн засалтын чиглэлээр: ХБ-тэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, ХБ-тэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт оролцооны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, холбогдох үйлчилгээнд холбон зуучлах, ХБ-тэй иргэдэд хүртээмжтэй, стандарт шаардлага хангасан дэд бүтэц, орчны үзэсгэлэн гаргаж, таниулан сурталчлах, дэд бүтэц орчныг бүрдүүлэхэд олон нийтийг уриалах, мөн АНУ-ын Дэзэрэт ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй "Тэргэнцэр төсөл”-ийн хүрээнд тэргэнцрийн материалын бүрдүүлэлт хийж хүсэлт хүлээн авах, тэргэнцрийн зөв хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай иргэдэд тэргэнцэр олгох үйл ажиллагааг тус тус зохион байгуулна.
СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ