|

УИХ-ын нэр бүхий гишүүн ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ холбогджээ

УИХ-ын нэр бүхий гишүүн ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ холбогджээ

Энэ сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Н гэгч бүсгүй "Нэр бүхий УИХ-ын гишүүн /бид тухайн гишүүний нэрийг нууцлав/-д хүчиндүүллээ” хэмээн Баянзүрх дүүргийн 1-р хэлтэст гомдол гаргасан байна. Н бүсгүйн гомдлыг тус хэлтэсийн н.Түвшинжаргал гэх байцаагч шалгаж байсан ч удалгүй хошууч н.Батдэлгэр гэх байцаагч шалгаж эхэлсэн байна.

Мөн холбогдох нотлох баримтуудыг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Бид энэ асуудлаар нэр бүхий гишүүнтэй холбогдож тодруулахыг хичээж, хэд хэдэн удаа залгаж, мессэж явуулсан боловч хариу өгсөнгүй. Түүний ойрын эх сурвалж хэлэхдээ, Н гэх эмэгтэй хувийн шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм шиг байна лээ гэх хариулт өгсөн юм.

Эрүүгийн хуулийн 126.1-д "Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна.

УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг Ёс зүйн дүрэмд тусгажээ. Гэвч үе үеийн парламентад хууль баталдаг мөртлөө хуулиа сахиж мөрддөггүй, хариуцлага хүлээж чаддаггүй, ёс зүйн чадамжгүй, гишүүний бүрэн эрх дор нуугдсан гишүүд байсаар байгааг харж болно. 

АНХААРУУЛГА: Тус мэдээг уншиж буй иргэд Хүчингийн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүнийг таамаглаж сэтгэгдэл бичихдээ, тус хэрэгт холбогдолгүй зарим УИХ-ын гишүүний нэрийг бичиж байгаа тул манай редакцын зүгээс энэхүү мэдээнд СЭТГЭГДЭЛ авахгүй болгож байна.

http://www.medee.mn/main.php?eid=94099

Эх сурвалж: Мэдээ.мн Б.ЦЭЛМЭГ