|

АМЬТАЙ ГОЛТОЙ БРИКС

АМЬТАЙ ГОЛТОЙ БРИКС
БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Бээжинд цугласан нь энэ клубыг булшлахад эрт байна гэдгийг дахин санууллаа: Дөрвөн тивийн таван улс, дэлхийн ДНБ-ий 23 хувь, дэлхийн нийт хүн амын 43 хувийг нэг эвсэлд нэгтгэсэн гэхээр том ч юм шиг. Энэ бол БРИКС. Гэвч ийм өндөр үзүүлэлттэй ч уг клуб анхнаасаа л хиймлээр зохион байгуулагдсан, амьдрах чадвартай, ашигтай бүтэц болж чадаагүй гэж шинжээчид ярьцгаадаг. Хэдий тийм боловч БРИКС-ийн оролцогч орнууд бууж өгөх бодолгүй байгаа аж. Тэд зөвхөн өөр зуураа баяжаад зогсохгүй дэлхийн эмх журамд шинэ дүрэм тогтоохыг хүсч байна. БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар энэ сарын 18-19-нд Бээжинд уулзалдаж, үүнийг дахин батлах шиг боллоо.

"Бид хамтдаа гэрэлт ирээдүйг байгуулах болно”. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай хийх уулзалтын үеэр мэдэгдэж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа илтгэлээ.

Дипломат албаны тэргүүд алан хядах ажиллагаатай тэмцэхээс эхлээд үзэл, ирээдүйн чиг хандлага, шударга ертөнц, улс хоорондын харилцааны шинэ зарчим зэрэгт гол анхаарлаа хандуулав. Харин эдийн засгийн асуудал зэрэг тааламжгүй асуудлыг аль болох дурсахгүйг хичээцгээж байлаа.

БРИКС-ийн хувьд тусгаар тогтнол, аль нэг улсынхаа дотоод хэргт оролцохгүй байх, маргааныг улс төр, дипломат замаар шийдвэрлэх зэрэг үндсэн зарчмыг баримталдаг. Гэхдээ эдгээр зарчмыг хэрэгжүүлэхэд ямарваа нэгэн нюанс гарч ирдэг байна. Тухайлбал, Орос л гэхэд газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмждэг хэрнээ тус улсад Крымтэй холбоотой асуудал бий. Хятад улс хэт даврагсадтай тэмцэхийг уриалдаг хэрнээ Исламбадтай харилцаатай муутгахгүйн тулд Пакистаныг Энэтхэгт алан хядах ажиллагаа үйлдэж буйг шүүмжлэх гэдэггүй.

БРИКС-ийн хямрал

АМЬТАЙ ГОЛТОЙ БРИКС

 

Энэхүү эвслийн товчлолыг Британийн "Goldman Sachs”-ийн санхүүч Жим О’Нил анх 2001 онд бодож олсон түүхтэй. Тэрбээр хөгжиж буй эдийн засагтай дөрвөн орны эхний үгийг нийлүүлж BRIC буюу английн brick-тоосго хэмээх үгтэй адил сонсогдохоор болгожээ.

Уг нь энэхүү дөрвөн улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн "тоосго” нь болох ёстой байв. О’Нилийн хувьд өөрийнх нь зохиосон товчлол удаан оршин тогтноно чинээ санаагүй биз ээ. 2011 онд энэ эвсэлд ӨАБНУ нэгдэн орж, товчлол BRICS болж нэмэгджээ. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев эдгээр улс орныг оросоор товчлоод бичвэл БРЮКИ буюу "өмд” гэдэг үг үүснэ гэж хошигнож байв.

Анхандаа тус клубын ажил урагштай байсан боловч шинжээчдийн тооцоолж байсанчлан "эдийн засгийн хөдөлгөгч хүч” болох асуудал нь биелсэнгүй. БРИКС-ийн орнууд олон ч салбарт өрсөлдөгчид болон хувирав. "Global Trade Alliance” судалгааны төвийн мэдээлснээр БРИКС-ийн орнуудын худалдааны ашиг сонирхол алдагдалтай гарсан бүх тохиолдлын 1/3 нь клубын хамтрагчдынхаа буруугаас болсон байжээ. Үүн дээр дотоод тогтворгүй байдал, эдийн засгийн үзүүлэлт муудсан зэрэг ч нөлөөлсөн байна.

Бразил улс төрийн тэргүүнээ огцруулж, улс төрийн удаан үргэлжилсэн хямралд автсан бол ӨАБНУ-ын тэргүүнийг ч суудлаас нь авч хаях дөхсөн. Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн бол БНХАУ-ын эдийн засаг илт унаж байгаа билээ. 2015 онд FT-ийг нэгэн дуулиан тарьсан нийтлэл гаргахад "Goldman Sachs” БРИКС-ийн орнуудад хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, үүнээс болж 2010 оноос хойших бүх хөрөнгийнхөө 88 хувийг алдаж байсан түүхтэй.

2016 онд Дэлхийн банк таагүй үр зураг гаргажээ. Шинжээчдийн тооцоолсноор Орос, Бразил улсын эдийн засаг хумигдаж, ӨАБНУ-ын ДНБ нэг хувиар нэмэгдэнэ, Хятадын эдийн засгийн өсөлт удааширна гэжээ. "Хүчээ авч буй гүрнүүд нуран унаж байна” хэмээн "Foreign Policy” сэтгүүл мэдээлж байв.

Гэсэн ч "хүчээ авч буй гүрнүүд” энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэгээд ч Дэлхийн банкны тооцоолсноос эсрэгээр эргэж, ОХУ сүүлийн долоон жилд анх удаа ДНБ нь өссөн бол Бразилд ч эерэг дүр зураг ажиглагджээ. Энэтхэг улс тун боломжийн яваа бол Хятадын эдийн засгийн өсөлт хүлээж байсан шиг огцом удааширсангүй. Эдийн засагчид өдгөө үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байгаа бол Бээжинд болсон БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт урд нь өсөлт, хөгжил хүлээж байгааг сануулаад авав. Тус эвслийн төрийн тэргүүний түвшин дэх дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сарын 6-7-нд Хятадын Сямэн хотод болно.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа