АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонын хэлснээр Катар улс хөршүүдийнхээ тавьсан шаардлагыг нягталж байгаа гэнэ. Энэ сард Арабын орнуудын хооронд дипломат маргаан дэгдсэн билээ. Тиллерсоны мэдэгдэлд, "Катар улс Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт улс, Египет, Саудын Арабаас тавьсан шаардлагыг нягтлан үзэж байна” гэжээ. Дээрх орнууд Кувейт улсаар дамжуулж Дохад 13 шаардлага хүргүүлсэн. Шаардлагад "Аль-Жазира” телевизийг хаах. Ирантай харилцаагаа таслах гэх зэрэг асуудлыг оруулжээ.
Шаардлагыг биелүүлэхэд арав хоногийн хугацаа өгчээ. "Катар улсын хувьд зарим шаардлагыг биелүүлэхэд их хэцүү байх болно. Гэвч асуудлыг зохицуулахад чиглэсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн Тиллерсон мэдэгдэлдээ дурдсан байна. Түүнчлэн тэрээр Арабын орнуудад хамтран ажиллахыг уриалжээ.
Дохад хөрш нараас нь тавьсан гол шаардлагын нэг Ирантай харилцаагаа таслах байсан Тегерантай цогц хамтын ажиллагааг хөгжүүлж, улмаар исламын ертөнцөд үүсээд буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх болсон тухайгаа мэдэгдсэн. Катарын Эмир Арабын дөрвөн улс шаардлага хүргүүлснээс хоёр хоногийн дараа ийнхүү мэдэгдэл хийв.
Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани яриа хэлэлцээний замаар бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэр "Арабын хэд хэдэн улс Катарыг ингэж тусгаарлаж байгааг Иран хүлээн зөвшөөрөхгүй. Агаарын, хуурай замын болон далайн орон зай үргэлж Катарт нээлттэй байх болно” гэв.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин