|

Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ

Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ

 

Их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл долдугаар сарын 1-ээс эхэлнэ.  Энэ жилийн хувьд, төрийн өмчийн их, дээд сургуулиуд бүгд элсэгчдээ цахимаар бүртгэх ажээ. Тухайлбал, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МУИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудын онлайн бүртгэл долдугаар сарын 1-5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн, их, дээд сургуулиудын бүртгэл долдугаар сарын 1, 2-ноос  эхлэх аж.  Элсэгчдийн бүртгэл баяр наадмын өмнө өндөрлөнө. Хувийн хэвшлийн зарим сургууль ирэх наймдугаар сарын 20-д гаргаад нэмэлт элсэлтээ зарлаж, цөөхөн хүүхэд элсүүлнэ гэдгээ дуулгаж байна. Ингээд төрийн өмчийн сургуулиудын босго оноо хэдээс эхэлж байгааг дуулгая.

 

МУБИС ЭЛСЭГЧДЭЭ 4-НЫГ ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ

БСШУСЯ-наас гарсан албан бичгийн дагуу МУБИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Улаанбаатар хотоос элсэгчдийг мөн ирэх сарын 1-ээс 4-ний өдрүүдэд бүртгэнэ. МУБИС-ийн элсэлтийн вебээр онлайн болон төв сургууль дээр бүртгэл хийх болсныг элсэгчдэд сануулж байна. Мөн элсэлтийн журам болон нэмэлт мэдээллийг тус сургуулийн цахим хуудасны "Элсэлт-2017” булангаас үзэх боломжтой гэдгийг албаныхан хэлэв.

 

СУИС ЭЛСЭГЧДЭЭ ОРОН НУТАГ ХАРГАЛЗАХГҮЙ БҮРТГЭНЭ

СУИС бусад сургуулиудыг бодвол авьяас, ур чадвар шаарддаг онцлогтой. Тиймээс элсэгчдийг оршин суух бүртгэл харгалзахгүйгээр бүртгэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус сургуульд элсэхийг хүссэн хэн бүхэн Улаанбаатар хотод бүртгүүлж шалгалт өгч болох ажээ.  ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч  www.suis.edu.mn/elselt цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ. Харин ур чадвар  шаардах хөтөлбөрт элсүүлэх оноог ЭЕШ-ын ононы 50 хувь буюу 400  оноо хүртэл, ур чадварын шалгалтын онооны 100 хувийг 800 хүртэлх оноогоор, нийлбэр 1200  хүртэлх оноогоор тооцох юм байна. 

 

АШУҮИС-ИЙН  БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана. Элсэгчдэд нэг зүйлийг сануулахад, АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн хоёр хэсэг байгаа юм байна. Тиймээс нийт дөрвөн мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой гэсэн үг. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн www.burtgel.mnums.edu.mn бүртгэлийн вэб хаягаар явуулна. Элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзэж байгаа ажээ. Босго оноо нь 560  байна. Наймдугаар сарын 25-нд хичээл эхэлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцлана гэдгийг анхааруулж байна.

 

МУИС-ИЙН БОСГО ОНОО 560-ААС ЭХЭЛНЭ

МУИС-ийн элсэлтийн бүртгэл орон даяар энэ сарын 20-ноос эхэлсэн байна. Бүртгэл долдугаар сарын 3-ны өдрийн 12:00 цаг хүртэл www.burtgel.num.edu.mn хаягаар явагдана.  Тус сургууль нь Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын их сургууль, Завхан, Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

 

ШУТИС ЭЛСЭГЧДЭЭ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС БҮРТГЭНЭ

ШУТИС нь найман үндсэн бүлэгт www.elselt.edu.mn вэб хаягаар долоодугаар сарын 1-ний өдрийн 14:00 цагаас 5-ны өдрийн хооронд  бүртгэнэ. Босго оноо нь 400-700 хооронд хэлбэлзэж байна. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисст тогтоосон хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлэн очиж хуваарь сонголт хийгээрэй гэдгийг захив. 


Б.ҮЕНЧ, Б.ДӨЛГӨӨНТӨР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин