|

МАН-ын живхтэй гишүүд хүчин хийж, хүн загнасан уу

МАН-ын живхтэй гишүүд хүчин хийж, хүн загнасан уу

 

Нийгмийн сүлжээнд элдвийн л мэдээлэл урсаж байдаг. Зарим нь үнэн, ихэнх нь баталгаагүй байх нь олонтаа. Цахим орчинд мэдээллийн үнэн зөвийг тэр болгон нягтлах боломжгүй учраас зориудаар худал цуу, гүтгэлэг тараах явдал ч гарч байгаа. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга оюутан бүсгүйг хүчиндсэн байж болзошгүй, хохирогч гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Үүний хажуугаар Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Н.Амарзаяа "Би чамайг гуйж сонгогдоогүй” гэх зэргээр хүн загнаж байгаа таагүй уур амьсгалтай бичлэг нийгмийн сүлжээнд тавигджээ. Энд нэр дурдагдсан хоёр гишүүн нэг нь бүсгүй хүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлж, нөгөө нь сонгогчидтойгоо зүй бусаар харилцсан эсэхийг яг таг баталж, нотолсон баримт одоогоор алга. Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон, өндөр алба хашиж байгаа, өндөр ёс зүйтэй байх үүрэг хүлээсэн эрхмүүд гэдэг утгаар нь үзвэл энэ сэдвийг орхиж боломгүй.
 
Д.Гантулга, Н.Амарзаяа нар их улс төрд бол "живх”-тэй жаалууд. УИХ-д анх удаа сонгогдсон, төрийн ажлын туршлага нимгэн, намтар багатай. Гэхдээ 2016 оны сонгуулиар тойргийнхоо сонгогчдын олонхийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд. Төрийн өндөр алба хашиж байгаа хүн жирийн иргэнээс хэд дахин илүү өндөр ёс зүйтэй байхыг нийгэм шаарддаг. Улстөрчид өөрсдөө ч ингэж ярьдаг. Гэтэл сонгогчидтойгоо чи би-дээ тулж хэрэлдээд, чамаас гуйж сонгогдоогүй гэж аашлах нь ёс зүйтэй үйлдэл яавч биш. Тухайн хүний саналгүйгээр УИХ-д сонгогдсон байж болох ч дэмжлэгийг нь авахын төлөө хичээж ажиллах нь улстөрч хүний алсын хараа байх учиртай. Н.Амарзаяа гишүүн өнөөдрийг хүртэл нийгмийн сүлжээгээр цацагдсан тэрхүү бичлэгийн талаар ямар нэг тайлбар хийсэнгүй, уучлал гуйсангүй.
 
Хэнтий нутгаас сонгогдсон Д.Гантулга гишүүнтэй холбоотой мэдээлэл бүр ч ноцтой. Одоогийн УИХ-ын хамгийн залуу гишүүн хорь гаруйхан настай оюутан бүсгүйг хүчиндсэн гэх мэдээлэл хуурай өвсөнд тавьсан түймэр мэт түгж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны төгсгөл хэсэгт цацагдсан учраас олон нийт, хэвлэлийнхэн эхэндээ ач холбогдол өгөөгүй. Залуу гишүүний зоригийг мохоох гэсэн бохир улс төр байж магадгүй гэж болгоомжилсон байх. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүн Д.Гантулга өөрөө энэ мэдээллийн талаар үгүйсгэсэн, эсвэл хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний шинж гэдэг үгтэй. Худлыг мянга давтвал үнэн болдог ч гэдэг. Гэхдээ маш ноцтой гэмт хэргийн тухай ярьж байгаа гэдгийг олон нийт ч, эрхэм гишүүн ч гадарлана. УИХ-ын гишүүн хүчингийн хэрэг хийсэн бол хуулийн дагуу хатуу цээрлэл хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Энэ мэдээлэл худал бол гишүүн Д.Гантулга няцаалт хийж, нэр төрөө сэргээлгэх учиртай. Төр тунгалаг байх нь төрийн түшээдийн ёс зүйгээс ихээхэн шалтгаална. Ямартай ч энд дурдагдсан ноцтой мэдээллийн талаар эрхэм гишүүн Д.Гантулга, Н.Амарзая нарыг тайлбар хийхийг шаардацгаая. Бид үнэнийг мэдэх эрхтэй.