"Туул голоо аваръя” уриан дор нэгдсэн залуус энэ сарын 1-ний өдөр Туул гол орчмын хогийг цэвэрлэж байгаа талаар мэдээлэл сошиал ертөнцөд тарсан. Цэвэрлэгээнд 120 гаруй залуу оролцож, Туул голынхоо хогийг цэвэрлэсэн юм. Тэр мэдээллийн зургийг нь уншигч авхай та анзаарсан байх. Туул голоор дүүрэн гялгар уут, цаасан хаягдал. Цаашлаад хүүхдийн живх, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл буюу "дамск” байх жишээтэй.
Мөн хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэлийг бөөгнүүлээд ой модонд хаячихсан зураг фейсбүүк хуудсаар "явж” байсныг ч хүмүүс харсан л байх. Хөдөө гадаа явахад хаа сайгүй тааралддаг зүйлийн нэг нь хүүхдийн живх. Хүмүүс хүүхдийнхээ живхийг солиод, шууд л байгальд хаячихдаг.
Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг ч энд мартаж болохгүй. Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүнд хог гэхээсээ илүүтэй байгальд онц аюул учруулдаг гэдгийг л анхааруулах гээд байгаа юм. Хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, нойтон салфетка зэрэг бүтээгдэхүүнүүд 100 жил болж байж байгальд шингэж, устаж алга болдог гэж байгаа. Монголд "Макс”, "Таванбогд”, "Номин”, "Анунгоо”, "MSM” зэрэг томоохон компаниуд хүүхдийн живх гаднаас оруулж ирж, худалдаж байна. Бас цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгчид живх үйлдвэрлэж эхэлсэн юм билээ.
Мөн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг ч оруулж ирж байгаа олон компани бий. Тэгвэл нэг бяцхан тооцоо хийгээд үзье. Нэг хүүхэд хоёр нас хүртлээ 2,000-8,000 живх хэрэглэдэг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг аж. Жилдээ дунджаар 60-70 мянган хүүхэд төрдөг гэвэл байгальд 350 сая живх байгальд хаягдаж байна гэсэн үг. Дунджаар тооцвол шүү дээ. Ингээд л устахгүй олон сая живхэндээ даруулах нь. Тийм болохоор нэн яаралтай энэ асуудлыг шийдмээр байна. Зарим хүмүүс живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн импортын татварыг нэмэх хэрэгтэй гэсэн санаа гаргасан байна билээ. Тэглээ гээд живх хэрэглэхгүй байна ч гэж юу байхав.
Харин ч үнэ нь нэмэгдэхээс цаашгүй. Тэгээд ч өнөө үед живх, ариун цэврийн хэрэглэл хэрэглэхгүй байна гэж байхгүй. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болчихсон. Хүүхдэдээ живх битгий хэрэглүүл, байгальд хортой гэж уриалаад, үглээд ямар ч нэмэргүй. Дэлхий нийтээрээ л хэрэглэж байна. Тийм болохоор живх, ариун цэврийн хэрэглэлийг устгадаг үйлдвэртэй болох цаг болсон. Тэртээ тэргүй живх, ариун цэврийн хэрэглэл устдаггүй нь тодорхой байгаа шүү дээ.
Шатаагаад шатахгүй, дээрээс нь хамгийн аюултай хог хаягдал болчхоод байна. Ерөөсөө л бүх хогноос хамгийн сүүлд ялгарч үлдээд байгаа нь живх, ариун цэврийн хэрэглэл. Тиймээс нэн яаралтай живх, ариун цэврийн хэрэглэл, бусад шатдаггүй хогийг устгах үйлдвэр хэрэгтэй байгаа юм. Улс нь ийм үйлдвэр барьж дийлэхгүй байгаа бол импортлогчидтойгоо хамтраад ажиллаж байгаад болохгүй гэж.
Ер нь бол хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл импортолж байгаа компани, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, устгах үйлдвэр бариулахад яах вэ дээ. Та нар нийлээд устгах үйлдвэрээ барь, бид татварын бодлогоор дэмжээд өгье гэж тохиролцоод ажиллаж байгаад болохгүй гэж. Төр засаг гэж байдаг юм бол. Байгаль орчны яам энэ асуудалд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах цаг болсон бус уу.
Байгаль орчноо, гол усаа, ой модоо живх, ариун цэврийн хэрэглэлд даруулах аюулаас аврах хэрэгтэй байна. Ердөө нэг том үйлдвэр байхад л болно шүү дээ. Тэр нь хэчнээн үнэтэй байсан ч гэсэн олон импортлогчид хамтраад баривал хямд тусах байлгүй. Хэрвээ импортлогчид дангаараа барьж чадахгүй, хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй гэвэл төртэй хамтарч ч болно.
Төр засаг яагаад үйлдвэр барих мөнгөний 40 юм уу 50 хувийг гаргаад, үлдсэн хөрөнгө оруулалтыг нь импортлогчдоос гаргаад, хамтраад ажилласан ч болно. Уг нь бол импортлогчид хамгийн их ашигтай ажиллаж байгаа. Ямар хүүхдэдээ живх хийдэггүй ээж. Эсвэл ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэггүй эмэгтэй гэж байх биш.
Huggies, Helen Harper, Mamy Poko, Libero, Pampers гээд долоон жорын живх байна. Дээрээс эмэгтэйчүүдийн хэрэглэлийн олон төрөлтэйг яана. Өдөр, шөнийнхөөс авхуулаад цагийн хэрэглэл л гэж арай алга шиг байна. Ийм их живх, ариун цэврийн хэрэглэл импортолж, түүнийг нь монголчууд хэрэглэхийн дээдээр хэрэглэж байхад хэдэн тэрбумаар нь ашиг болж байгаа нь тодорхой.
Тийм болохоор устгах үйлдвэр барьчих чадал байгаа. Гэхдээ тэд барьтлаа өдий байна. Тэгж байтал Монгол Улс живх, ариун цэврийн хэрэглэлдээ булуулах нь. Сонсоход эдгээрийг импортолсон бол устгах үйлдвэрийг хамтад нь авчрах журам байдаг гэх. Тийм болохоор төр нь оройлоод, импортлогчидтойгоо хамтраад, шийдэл олоод, хурдхан устгах үйлдвэр барих цаг болжээ. Эрх баригчид, яам толгойлогчид нэгийг бодож, хоёрыг тунгаана байгаа.
Н.ПУНЦАГБОЛД
ЭХ СУРВАЛЖ: