2016 оноос хэрэгжиж эхлэх хуулиудын талаар тоймлов. Энэ оны төсвийн хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэлийн газартай нэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо болон Гаалийн ерөнхий газрын дарга нар оны өмнө ажлаа өгсөн юм.
Мөн УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцлийн үндсэн дээр шинэ оны босгон дээр баталсан Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явуулахаар боллоо. Мөн УИХ, Ерөнхийлөгч, Нийслэлийн ИТХ, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар боллоо.
Сонгуулийн тогтолцооны хувьд 48:28 буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог нь хэвээр байна. Гэхдээ энэ удаад сонгогч намын нэр дугуйлахдаа нэр дэвшигчийг харж сонголт хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаарх нэрсийн жагсаалт бүхий хуудсыг сонгогчдод тараах юм байна.
Түүнчлэн сонгогчдын саналын хуудсыг зөвхөн автомат машинаар тоолдог байсан нь МАН-ын хардалт, дургүйцлийг ихээхэн хүргэж, тэд хэд хэдэн удаа бойкот тавьснаар энэ асуудал нааштай шийдэгджээ. Тиймээс сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийхээр болжээ. Энэ үед техник хэрэгсэл ашиглан тооллогын явцыг дэлгэцэээр харуулж баримтжуулах, мөн нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулж ил тод явуулах юм байна.
Улсын төсвөөс мөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих юм. Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн нэг сая, хуулийн этгээд гурван сая хүртэл төгрөг байсан бол шинэ хуулиар иргэн таван сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болно. Нэр дэвшигч өөрийнхөө мөнгийг сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болжээ.
Харин өмнөх хуулиар орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритар тогтолцоогоор явахаар болжээ. Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол гурван сарын өмнө ажлаа өгнө. Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид ажлаа хийж байгаад нэр дэвших боломжтой юм.
Сонгуулийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим дарга шинэ оны өмнө ажлаа өгөөд байна. Тодруулбал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар юм.
Мөн НӨАТ-ын тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэллээ. Энэ хууль иргэдэд ихээхэн хамаатай бөгөөд худалдан авалт бүртээ төлбөрийн баримт авч, цахим хуудаст бүртгүүлж, урамшуулалд оролцож болох юм байна.
Энэ оноос Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж байна. Энэ хуулиар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлэх аж.
Мөн Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуульд Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэж заажээ. Мөн олон нийтийн телевизээс бусад өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар заажээ.
Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн хүрээнд 18-65 хүртэлх насны сургалтад хамрагдаж сертификат авсан нэг иргэн 2-5 хүртэлх насны таван хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулалт хийсэн бөгөөд багшийн цалин зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг болгон өгөх юм. Нэг хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116000 төгрөг буюу одоогийн цэцэрлэгт оногдож буй зардалтай дүйцүүлэн олгох бөгөөд эцэг эхээс гаргуулах нэмэгдэл төлбөрийг энэхүү дүнгийн 60 хувиас хэтрүүлэхгүй байх аж.
М.Ган
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин