Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар өнөөдөр /2016.01.04/ хуралдаж өнгөрсөн долоо хоногийн ажлаа тайлагналаа. Өнгөрсөн долоо хоногт шинэ жилийн баярын өдрүүд тохиосонтой холбоотойгоор аймгийн хэмжээнд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар зэрэг албан байгууллагууд ачаалал ихтэй ажилласан.
2016 оны 1 дүгээр сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт 7 хүү 6 охин нийт 13 хүүхэд мэндэлжээ. Эдгээр өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн тусгай дугаар болох 103-т 137 насанд хүрэгч, 72 хүүхэд нийт 209 дуудлага ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн тасагт 58 хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүүхдийн биеийн байдал хүндрэлтэй байна гэсэн мэдээг аймгийн ЭМГ-аас ирүүлжээ. Энэ сарын 1-ээс 3-ны өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд мөн ажилласан байна. Иймд насанд хүрэгчдийг түргэн тусламж дуудахаасаа өмнө Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг холбогдох албаны хүмүүс зөвлөж байлаа.
Тус хурлаар энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй НӨАТ-ын тухай шинэчилсэн хуулийн талаарх мэдээллийг аймгийн Татварын хэлтсээс өглөө. Мэргэжлийн хяналтын газраас 18 ААН-ийг шалгаж, гарсан зөрчлийн 85 хувийг арилгасан байна. НААҮГ-аас өнгөрсөн өдрүүдэд хог хаягдлын тээвэрлэлтэнд таван шахдаг машин, зургаан Зил-130 машин гарч орон сууцны хороололд 69 машин, гэр хорооллоос 37 машин, ААН-ээс 39 машин нийт 145 машин хог тээвэрлэж, Бараат хогийн цэгт буулгасан байна. Дархан хотын "Мөнгөн өвөл” шинэ жилийн нэгдсэн цэнгүүн Дархан-50 цогцолборт болсонтой холбогдуулан байцаагч нарт хуваарь гарган ажиллуулж, баярын ачаалал ихтэй үеэр нэмэлт машинуудыг гарган хороололд хог хуримтлагдахаас сэргийлэн ажиллажээ. Мөн цас хоёр удаа ороход 141.985м2 засмал зам дээр 185 ш шуудай давс цацсан, өргөгч машинаар 3 удаа шинэ Дархан, хуучин Дарханы гэрэлтүүлгийн доголдлыг арилгах зэрэг ажлууд хийгдсэн байна. Хурлын үеэр авто замын мөсжилтийг арилгах, сурталчилгааны самбартай холбоотой асуудлуудыг хэлэлцэж аймгийн удирдлагуудын зүгээс холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.