|

Алтны тушаалт нэмэгджээ

Алтны тушаалт нэмэгджээ

Улсын төсвийн багагүй хувийг алт бүрдүүлдэг. Нөгөө талаасаа алт бол валютын ханшийг тогтворжуулах том боломж юм. Дуулгах сайн мэдээ гэвэл алт тушаалт энэ жил ихээхэн нэмэгджээ.

Тухайлбал, Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 7.2 тоннд хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд худалддаг. Монголбанк нь худалдан авсан алтны төлбөр тооцоог өдөрт нь шилжүүлдэг юм.

Алт нь валютын нөөцийг хангахад хамгийн том үүрэг хүлээж байгаа. Иймээс төв банкинд тушаагдах алтны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд алт тушаагчдад тавигдаж ирсэн хатуу шаардлагыг зөөлрүүлж, мөн алтанд ногдуулах татварын хэмжээг ч бууруулсан юм. Ингэснээр гадагшаа хууль бусаар гардаг байсан алтны урсгалыг сааруулахад ихээхэн ач холбогдол өгсөн билээ.