|

Ерөнхийлөгч Х. Баттулга дахин олныг гайхшруулсан мэдэгдэл хийв


Ерөнхийлөгч Х. Баттулга дахин олныг гайхшруулсан мэдэгдэл хийв

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг "оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.