|

Тавдугаар үндсэн хуулиа “Өлгийдөх үү”, талыг нь зассан болоод өнгөрөх үү

Монгол Улс түүхэндээ тав дахь  удаагаа Төрийн тэргүүнээ сонголоо. Энэ эрхэм бол  одоогоос сар гаруйхны өмнө олонхийн саналаар тамга атгасан Х.Баттулга. Тав дахь Ерөнхийлөгчийн анхны намар тавдугаар Үндсэн хуулийг батлах уу, хуучнаа засч сэлбээд цааш явах уу гэдэг асуудлыг ший­дэхээрээ онцлог юм. 

 

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа хэлэлцэн баталж гаргасан. Ардын хувьсгалаас  ардчилсан хувьсгал хүртэл түүхийн тун онцлог цаг үеүдэд эх хуульдаа гар хүрч ирэв. Энэ удаа улс орны хямрал дээд цэгтээ хүрсэн, улс төр, нийгэм, эдийн засгийн мухардалд орсон учраас Үндсэн хуулиа өөрчлөх нь зүйтэй гэдгийг хуульч, судлаачид, парламентад суудалтай улс төрийн хүчнүүд  тодорхойлж байгаа юм. Эгэл жирийн иргэдийн зүгээс монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, амьд явах эрхтэй гэхчлэн тунхагласан эцэг хууль маань юу ч биш боллоо. Монгол хүнд ямар ч үнэ цэнэ алга, амьд явах баталгаа ч алга хэмээн халаглаж байна. Үндсэн хууль бид­ний гол баримтлах хууль зүйн баримт бичиг учраас хүн бүрийн хэрэг хэдий ч хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд олон суудал авсан, илүү эрх мэдэлтэй  нам өөрсдийн шийдлээр нэмэлт өөрчлөлт хийх дүр зураг бий болоод байна.

 

Тухайлбал, УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд түлхүү орсон Ажлын хэсгээс зургаан асуудлаар Зөвлөлдөх санал асуулга гээчийг өөрсдийн сонгосон хэсэг бүлэг иргэдийг оролцуулан явуулаад эхэлчихсэн. Ямар ч мэдлэг, мэдээлэлгүй иргэдээр хэлэлцүүлсэн хэмээн шийдвэр гаргах байдал руу явж буйг бусад нь  нээлттэй байна.  Өчиг­дөр л гэхэд Ардын нам Зөвлөлдөх санал асуул­гын хоёрдугаарт шатыг явуулна. Олон нийтийн санал асуулга зохион бай­гуулах хүмүүст сургалт явуулж эхэллээ хэмээн  мэдээ­лэл цацаж эхэллээ.   Тэрхүү мэдээлэлд "Мон­гол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тог­тоо­лоор баталсан "2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т "...эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ.” хэмээн тусгажээ.

 

Мөн Монгол Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-нийн өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан.

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно” гэсэн байна.

 

МАХН: "БНМУ-ЫН ДЭЭД ХУУЛЬ” ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

 

Монголын улс төрийн хүчнүүд, тэр дотроо парламентад суудалтай гурван намаас МАХН л ганцаараа шинэ Үндсэн хуулийн төсөл /БНМУ-ын Дээд хууль”-ийг санаачлан эрдэмтэн, судлаачид, хуульчидтай хамтран боловсруулж, оны эхнээс орон даяар танилцуулан хэлэлцүүлж, олон нийтээр хэлэлцүүлж ирсэн  билээ. "Монгол хүн төрийн хам­гаа­лалтад байна, Шүүх, прокурорыг нэг хүн томил­дог биш нийт олны са­нал асуулгаар шийднэ, тө­рийн өмч хөрөнгийг хэн дуртай нь идэж уудаг явд­лыг зогсоож иргэдийн хяналтыг тогтоох Ардын хянан шалгах хороог бай­гуулна” хэмээн  томъёол­сон хуулийн төслөө тэд есөн дүүрэг, 21 аймгийн ир­гэдээр хэлэлцүүлж саналыг нь нэгтгэн авч байгаа. Энэ аянаа энэ са­рын 3-наас дахин үр­гэлж­лүүл­нэ гэсэн мэдээлэл байна.

 

АН: ЭХЛЭЭД 60 ТЭРБУМЫН АСУУДЛАА ШИЙДЧИХ

 

Тэгвэл Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.07.31/   ээлжит бус хурлаа шуурхай зарлан хуралдуулж,  хэд хэдэн асуудал хэлэлцсэн нь мөн л Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай сэдвийг хөндөв. Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс "Ээлжит бусаар хуралдааны  гол сэдэв  нь  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж,  нэгдсэн  байр суурьт хүрснээрээ онцлог” хэмээн тэмдэглэв.

 

 АН-ын тухайд Ерөн­хий­лөгчийн сонгуулийн өмнө ба хойно гэсэн байд­лаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд хандаж ирсэн. Өнгөрсөн хавар тус намын зүгээс "Дор­дуулсан долоон өөрчлөлтөө авч хая” гэсэн шаард­лагыг тавьж байсан. Ха­рин Төрийн тэргүүн АН-аас сонгогдсоны да­раа "Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөн­хий­лөг­чийн эрх мэдлийг хязгаарлах гэж байна” гэсэн байр суурийг гаргаж тавьж байв. Тэгвэл өчигдөр УИХ дахь бүлгийн хуралдаанаас Үндсэн хуульд өөрчлөлт Үндсэн хууль бол ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн. Иймд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн "Ард нийтийн санал асуулга”-ыг явуулж, тог­тоох нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн төрд итгэх түмний итгэлийг дээд­лэн, төрийн албыг 60 тэрбумаар арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн этгээ­дүүдэд хариуцлага тооц­соны да­раа л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах асууд­лыг хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ. Ийм учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг өргөн хүрээнд хамруулах шаардлагатай гэж үзэж Ажлын хэсэг байгуулан, намын гишүүд дэмжигчдийн оролцоог хангаж, Ардчилсан намын Үн­дэсний Бодлогын Хо­роо­гоор хэлэлцүүлэх нь зүй­тэй гэсэн шийдвэр гаргажээ.

 

Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах тухай үйл явдлын эргэн тойрондох мэдээлэл болон  парла­мен­тад суудалтай намуудын байр суурь ийм байна. Тавдугаар Үндсэн хуулиа "өлгийдөх үү”, талыг нь зассан болоод өнгөрөх үү гэдгийг ирэх намар харуулах биз ээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Л.Хэрлэн