|

Ким Чен Ун: Бид өөрсдийгөө хамгаалахын тулд устөрөгчийн бөмбөг туршсан

"Хойд Солонгосын устөрөгчийг бөмбөгийн туршилт нь Солонгосын хойг дахь энх тайвныг найдвартай хамгаалах, бүс нутгийг АНУ тэргүүтэй империалистуудын зүгээс ирэх цөмийн дайны аюулаас сэргийлэх зорилготой үйлдэл юм” хэмээн Пхеньяны залуу удирдагч мэдэгдсэн байна. Цөмийн зэвсгийн туршилт нь хэн ч шүүмжилж, маргаж боломгүй бүрэн эрхт төр улсын хууль ёсны эрх хэмээн тэрээр онцолжээ.

Хойд Солонгосын тал нэгдүгээр сарын 6-нд цөмийн бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй, хөнөөлтэй байдаг устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсанаа зарласан юм. Пхеньян ийм зэвсэгтэй гэдгийг коммунист дэглэмийн удирдагч Ким Чен Ун өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сануулж байсан аж. Хойд Солонгосын цөмийн шинэ туршилтыг НҮБ-ын  Аюулгүйн зөвлөл буруутгажээ. НҮБ хариу арга хэмжээ авах шинэ тогтоол батлахаар бэлтгэж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хойдуудын туршилтыг бүх нийтээр цөмийн зэвсгийг хязгаарлах уриа дуудлагыг зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пхеньяны устөрөгчийн бөмбөг туршсан мэдэгдлийг судлан шалгах даалгавар өгчээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Мария Захарова, Холбооны зөвлөлийн Гадаад хэргийн хорооны тэргүүн Константин Косачев нар Хойд Солонгосын үйлдлийг буруутган мэдэгдэл хийжээ. АНУ Хойд Солонгосын цөмийн туршилтыг "Илт өдөөн хатгасан үйлдэл” хэмээн үзэж, тус улсыг цөмийн зэвсгийн гүрэн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Америкууд хойдсолонгосуудыг устөрөгчийн бөмбөг туршсан гэдэгт эргэлзэж байгаа аж.

Хойд Солонгос 2005 онд цөмийн зэвсгийн гүрэн болжээ. 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн зэвсгийн туршилт хийж дэлхийн улс орнуудын зүгээс зэмлэл хүлээж байв. Пхеньян 2009 онд Орос, Америк, Хятад, Япон, Өмнөд Солонгосын оролцоотой явагдаж байсан Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг орхисон билээ. 2015 оны долдугаар сард Хойд Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөө зогсоох талаар хэлэлцээ хийх сонирхолгүй байгаагаа мэдэгдэж, энэ хэлэл­цээнээс дангаараа тат­галзаж буйгаа илэрхийлсэн юм.

Н.Мөнхжин

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин