|

Цахим нэртэй цаасан үнэмлэхийн ид шид хаачив

 

Одоогоос зургаан жилийн өмнө монголчууд нийтээрээ цахим буюу "ухаалаг" үнэмлэхтэй болсон. Тухайн үед иргэд цахим үнэмлэхтэй болсноор ямар ч терийн байгууллагаар орсон чипийг нь уншуулж, хорооны Засаг даргын тодорхойлолтоос эхлээд нотариат дамжиж цаастай зууралддаг байдал үгүй болно хэмээн сүржин зүйл ярьж байсан нь одоог хүртэл тодхон санагдаж байна. Гэвч 10 гаруй тэрбумын өртгөөр бүтсэн цахим үнэмлэхийн өнгө дизайн нь өөрчлөгдсөнийг эс тооцвол өмнөхөөсөө гавьсан зүйлийг бид хараахан олж хараагүй л явна. Та бүхэн магадгүй өөрчлөлт гарсан шүү дээ, хурууны хээгээ уншуулж иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтын лавлагаа авах боломжтой болсон гэж бодож байж болох юм. Гэтэл 1000 төгрөг төлөн хурууны хээгээ уншуулж авсан тэр лавлагаагаар аль нэг банканд үйлчлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, бидний хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй.

Уг нь цахим үнэмлэх гэхээр хамгийн наад зах нь хорооны Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн мэдээлэл, эзэмшиж, өмчилж байгаа хөрөнгийн талаарх мэдээлэл, гэрлэлтийн лавлагаа гэх мэт мэдээллийг багтааж, иргэний үнэмлэхээ мартсан үедээ хурууны хээгээ уншуулаад л бүх мэдээлэл нь харагддаг баймаар.

Гэтэл бид өнөөдрийг хүртэл цахим нэртэй цаасан үнэмлэх барьчихаад гараар бичсэн хорооны тодорхойлолт авч, нотариат дээр дугаарлаж цаг зав, мөнгө төгрөгөө хий дэмий үрсээр ...

Тиймээс бид энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонссон юм.

А.ГанхуягӨмнөх үнэмлэхээс ялгарах зүйл байхгүй

-Ерөөсөө өмнөх үнэмлэхээс ялгарах зүйл байхгүй. Хуучны хэвшлээрээ албан газар ороход байцаалт өгч байгаа юм шиг үзүүлдэг, зарим газар нь бүр үлдээгээд орж байгаа. Банкинд ороод үйлчлүүлэхэд ч үзүүлдэг. Уг ньТҮЦ машинд уншуулаад, хурууныхаа хээг таниулаад, 1000 төгрөг төлж лавлагаа авч болдог. Даанч тэр нь зарим газар үйлчилдэггүй.

А.Оюун: Цахим үнэмлэх гээчид олон тэрбум төгрөг зарлагадсаны хэрэг гарахгүй байна

-Өмнөх иргэний үнэмлэхийг бодвол их хэврэг болсон юм шиг санагддаг. Өмнө нь бидний ашиглаж байсан иргэний үнэмлэх илүү барьцтай байсан. Зураг нь бол үнэхээр муухай гарсан байгаа юм. Зарим хүн үнэмлэхийнхээ зургийг хараад өөрийгөө танихгүй байсан. Миний хувьд иргэний үнэмлэхийг олон газраар үйлчлүүлж ашигладаггүй. Банк, эмнэлгээр үйлчлүүлэхдээ л хэрэглэдэг. Ер нь цахим үнэмлэхэд, ургийн овог, эцэг эх болон өөрийн нэр, төрсөн газар, он сар өдөр, хүйс, регистрийн дугаар, олгосон байгууллагын нэр болон он сар өдөр, хүчинтэй хугацаа, оршин суугаа хаяг гэсэн мэдээллүүд ил харагддаг. Харин далд хэлбэрээр нь хурууны хээ, гарын үсэг, иргэний бүртгэлийн болон үнэмлэхийн дугаар гэх мэт мэдээллүүд байгаа гэдэг мэдээллийг сонсч байсан. Өөр нарийн мэдээлэл байхгүй байна. Хурууны хээг эс тооцвол бусад мэдээлэл нь энгийн нэг супермаркетын бонусын картанд хадгалагдаж л байдаг мэдээлэл шүү дээ. Бид бонус карт нээлгэхдээ дээрх мэдээллүүдийг өгч хадгалуулдаг. Гагцхүү бүртгэн авч байгаа нь дэлгүүрийн ажилтан, улсын бүртгэгч гэдгээрээ л ялгаатай байх. Цахим үнэмлэх гээчид олон тэрбум төгрөг зарлагадсаны хэрэг гарахгүй байна. Өмнөх цаасан үнэмлэхээр бид банкны, төрийн байгууллагын үйлчилгээг авч болдог л байсан. Одооны цахим үнэмлэхээс дутах зүйл байгаагүй. 

Ж.Туяа: Үнэмлэхний хугацаа дууссан тохиолдолд цахимаар сунгадаг болчихвол

-Саяхан иргэний үнэмлэхний маань хугацаа дуусаад би дахиж захиалахаар очсон. Тэндээс л харагдаж байна лээ. Өмнө нь 25 нас хүрэхдээ үнэмлэх захиалж байснаас ялгарах юм бараг л байгаагүй. Яг л адилхан хуучин үнэмлэхийг минь аваад нэг өнцөгийг нь хайчилж аваад 21 хоногийн дараа хороон дээрээсээ аваарай гэсэн. Ганц зүйл нэмэгдсэн нь 10 хурууныхаа хээг уншуулсан. Өөр ямар ч өөрчлөлт байхгүй. Уг нь цахим үнэмлэх юм чинь хугацаа дууссан тохиолдолд цахимаар сунгачихаж сболдоггүй юм байхдаа. Тэгвэл хэн хэндээ амар байхсан. Зүв зүгээр бараг шинээрээ байгаа үнэмлэхийг маань хайчлаад зөвхөн хугацааг нь өөрчилж бичсэн шинэ үнэмлэх хэвлэж мөнгө үрэх шаардлага байна уу.

Т.Гэрэл

http://www.zaluu.com/read/164h32ac4