Засаг төр бужигнаж байх хооронд долларын ханш өсч 2448 төгрөгт хүрэв. Нэг жилийн өмнө л "Долларын ханш 2500 төгрөгт хүрч балрах вий дээ" хэмээн ярьдаг байсан бол өнөөдөр тэр яриа биелэлээ олж байна.
Нэг хэсэг тогтворжиж 2400 төгрөг болж хямдарч байсан долларын ханш наадмын дараа буюу долоодугаар сараас бага багаар өссөөр өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкууд нэг ам.долларыг 2448 төгрөгөөр зарж байна. Харин "Найман шарга” зах дээр долларын ханш 2444 төгрөг байна. Долларын ханш өсөх болсон гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн явдал гэж мэргэжилтнүүд тайлбарласаар хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа.
Тэгвэл энэ удаагийн төгрөгийн эсрэг ам.долларыг чангарахад суурь хүчин зүйлс нөлөөлөөгүй гэдгийг албаныхан хэлэв. Учир нь манай улсын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг харвал, урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 94 хувиар буурч 23.6 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдаа оны эхний таван сарын байдлаар 1.02 сая ам.долларын ашигтай гарсан нь алдагдал буурахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.долларт хүрснээр гадаад худалдаа ашигтай гарсан аж.
Оны эхнээс Олон улсын валютын сангаас "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” авах болсон нь эдийн засгийг сэргээх сайн мэдээ болсон. Тиймдээ ч гадны хөрөнгө оруулагчид бидний сонирхож эхэлсэн хэмээн бизнесийнхэн хэлж байв.
Гэхдээ сонгууль гэгчээс шалтгаалан хүлээлтийн горимд шилждэг зарчим манайд үйлчилсээр байна. Учир нь улс төрийн нөхцөл байдлаас улбаалан төрийн бодлого болон хууль эрх зүйн орчинд өөрчлөлт ордог муу зуршил биднийг гадны зах зээлд муухай харагдуулдаг билээ. Тиймээс энэ удаагийн ханшийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй тодорхойгүй байдал, наадмын үеэрх олон хоногийн амралт зэрэг нь нөлөөлж байгааг эдийн засагчид онцолж байна.
Тодруулбал, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээ, мэдээллээс хамаарч зах зээлд оролцогчдын хувьд хүлээлт үүссэн гэсэн үг. Монголбанкны зүгээс ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримталж буй. Тэгэхээр ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валют арилжааны захад оролцох байр сууриа хадгалдаг байна. Тэгэхээр иргэдийн хүлээлтээс үүссэн гадаад валютын бодит бус өсөлт бий болсон бололтой.
Ам.долларын ханш наадмын дараачаас даруй 90 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.Үүнийг хичээлийн шинэ жилийн эрэлттэй холбоотой гэж ченж нар тайлбарлаж буй. Учир нь, жил бүр хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан валют солих эрэлт ихэсдэг юм. Харин цаг үе дагасан энэхүү өсөлтийг албаныхан зүгээр харж суухаас өөр юу ч хийж чаддаггүй нь иргэдийг ихээр бухимдуулдаг билээ.
Б.Сансар
olloo.mn