|

Ц.Түмэнцогт: Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

Ц.Түмэнцогт: Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

 

-"Coal Mongolia” чуулга уулзалтад оролцох болсон шалтгаанаар ярилцлагаа эхэлье.
-"Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын томоохон уул уурхайн хөрөнгийн менежментийн компани юм. Манай охин компани болох "Эрдэнэс Таван Толгой”, "Багануур”, "Шивээ Овоо” зэрэг компаниуд Монголын нүүрсний зах зээлийн томоохон тоглогчид. Бид "Coal Mongolia” чуулга уулзалтад төслүүдээ танилцуулна. Мөн хөрөнгө оруулалт, шинэ тэргүүний технологи, шинэ түнш гэх мэт олон  боломжуудыг харж байна. 

-Энэ удаагийн чуулганы онцлогийг та юу гэж харж байна вэ?
-Түүхий эдийн үнэ ханш өсөж, боловсруулалт, үйлдвэрлэлт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа энэ цаг үед уг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Нүүрсний бизнест олон сая тонныг өртөг багатай тээвэрлэх гэсэн зарчим л үйлчлэх ёстой. Гэхдээ өнөөдөр гол бэрхшээл гэвэл хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна.

Монголын нүүрсний зах зээл олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Мөн туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч олон компани Монголд үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байна. Тэгэхээр энэ удаагийн "Coal Mongolia” чуулга уулзалт уул уурхайн салбарын технологийн болон хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны, цаашилбал бидний тулгамдаж буй асуудлын шийдэл, боломж юм.

-Манай нүүрсний салбарын давуу болон сул тал юу байна?
-2016 оны сүүлээс нүүрсний үнэ буурсан нь манай зах зээл, эдийн засагт нөлөөлсөн. Харин одоо нүүрсний үнэ өсөж, борлуулалт нэмэгдэх төлөвтэй байна. Манай нүүрсний салбарын давуу тал гэвэл бид дэлхийн томд тооцогдох зах зээлийн хажууд байна. Гэхдээ нөгөө талаар энэ нь салбарын сул тал байх ч магадлалтай. Тэгэхээр цаашид дэд бүтцийн хөгжилд анхаарч, бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээлд гаргах боломжийг судлах шаардлагатай.

-Гуравдагч зах зээлд борлуулалт хийхийн тулд юу хийх вэ, юунаас эхлэх үү?
-Бид дэлхийн зах зээлд нүүрсээ өндөр үнэ хүргэх хэрэгтэй. Үнэхээр гуравдагч оронд гаргахыг зорьж байгаа бол нэгт, манай нүүрсний тээврийн зардал бага байх ёстой. Мөн нүүрсээ угаах, боловсруулах асуудал чухал. Үүнийг эхлээд шийдэж, дараагийн ээлжинд зах зээлээ хайх ёстой гэсэн үг. 

Бидэнд нүүрсээ баяжуулж улам өндөр үнэ хүргэх боломж бий. "Эрдэнэс Монгол” болон "Эрдэнэс Таван Толгой” компаниуд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах асуудлыг судалж  байна. Үйлдвэр ашиглалтад орсноор бүтээгдэхүүний үнэ өснө.

-Ер нь энэ чиглэлээр "Эрдэнэс Монгол” групп ямар ололттой ажиллаж байна вэ?
-Манай компани металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр "Бэрэн" групптэй хамтран "Эрдэнэс Стийл" компани байгуулан ажиллаж байна. Эрчим хүчний "Шивээ энержи цогцолбор" төсөлд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор "IM Power” компанитай хамтран "Эрдэнэс Шивээ Энержи” компанийг байгуулсан.

Мөн "Багануур” ХК 2017 оноос АНУ ын Поларис Ассет корпорацитай хамтран шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд чанарын үзүүлэлт муутай хүрэн нүүрсийг үр ашигтай ашиглаж, м/тн нүүрс бүрээс 1,5-2 баррель шингэн түлш гаргаж авах юм.  "Шивээ Овоо” ХК нүүрсний уурхайгаа түшиглэн 500 мВт хүчин чадалтай цахилгаан станц барина. Одоогоор техник эдийн засгийн судалгаа хийж байна. Эдгээр төслүүд урт хугацаанд үр өгөөжөө өгнө. Эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна.

-Нүүрсний үнэ өсөж байгаа энэ таатай цаг үед тээвэрлэлт их чухал. Тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ авч байна вэ?
-Манай охин компани болох "Гашуун Сухайт авто зам” компанийн замаар нүүрс экспортолж байна. Өнгөрсөн жилд энэ замаар 13,9 сая тн нүүрс гарсан. Наймдугаар сарын 1-ний байдлаар 14,4 сая тн нүүрс экспортолсон. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ ноднингийн бүтэн жилийн хугацаанд экспортолсон нүүрснээс давсан. 

Ажил ийм ахицтай, эрчимтэй явагдвал энэ жил 20 сая тн нүүрс нэвтрүүлэх боломж бий. Ер нь эрчим хүчний нүүрс олборлогч  Багануур, Шивээ-Овоо ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх, техник технологийн шинэчлэл хийх, замыг арчлан засварлах, Гашуун Сухайтын авто зам дээр машины нэгдсэн зогсоол, амралтын хэсгүүд байгуулах, гэрээт цагдаагийн тасаг ажиллуулах гээд нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлж байна. Цаашид төмөр зам баривал тээврийн зардал буурч, нүүрс борлуулалтад эерэгээр нөлөөлөх юм.

-Та төмөр замаар тээвэрлэвэл борлуулалт нэмэгдэнэ гэлээ. Аль төмөр замыг нь тавьбал "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс үнэд хүрэх бол?
-Нүүрсний бизнест тээвэрлэлт хамгийн чухал. Автозамаар тээвэрлэснээр олон удаа ачиж буулгах явцад хорогдол их гарч, тээврийн зардал өндөр, өрсөлдөх чадвар сул байдаг. Төмөр замын хувьд бол худалдан авагчийн дэд бүтэцтэй уялдаатай байх нь зүйтэй.

-Монголын нүүрсний салбарт тулгарч байгаа гол бэрхшээл нь энэ мөн үү?
-Нүүрсний бизнест олон сая тонныг өртөг багатай тээвэрлэх гэсэн зарчим л үйлчлэх ёстой. Гэхдээ өнөөдөр гол бэрхшээл гэвэл хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна. Сүүлийн хэдэн жил нүүрсний үнэ уналттай байсантай холбогдуулан уул уурхайн салбар хүнд байдалтай байсан. Энэ оноос үнэ харьцангуй тогтвортой байна. Энэ таатай цаг үед манай нүүрсний салбар шинэ түвшинд очих хэрэгтэй. Үүнд хөрөнгө оруулалт хамгийн чухал.

-Эцэст нь, Монголын нүүрсний зах зээлийн хэтийн төлөв, ирээдүй ямар байх бол?
-Монгол Улс нүүрсний нөөц баялаг ихтэй. Мөн хажууд БНХАУ-ын томоохон зах зээл байна, үнэ ч цаашид тогтвортой байх хандлагатай. Тиймээс төсвийг бүрдүүлэх томоохон салбарын нэг болно гэдэгт итгэлтэй байна.

Бид дэд бүтэц, зардал дээр анхаарах хэрэгтэй. Цаашид түүхийн эдийн эрэлт хэрэгцээ ихсэх бөгөөд зах зээлийн энэ хэрэгцээг хангах хүчин чадалтай байх бүх нөөц бололцоог өнөөдөр шийдэх хэрэгтэй.  Бид энэ чиглэлээр "Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал солилцон, хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг судлах болно.

-Ярилцсанд баярлалааЭнэ дашрамд танд болон танай хамт олонд "Эрдэнэс Монгол” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, амжилт хүсье.