Умард Солонгос улсын хамгийн чухал баяруудын нэг болох Улс тунхагласны баяр энэ сарын 9-нд тохиох ажээ. Нарны баяр буюу тус улсыг үндэслэгч Ким Ил Суны төрсөн өдөр, мөн Ким Жон Илын төрсөн өдөр, Хөдөлмөрийн нам байгуулагдсан өдөр гэх мэт үндэсний хэмжээнд бүх нийтээр тэмдэглэдэг олон баяр байдаг бөгөөд үүний нэг нь БНАСАУ-ыг тунхагласан өдөр юм.
Өмнөд Солонгост 1948 оны тавдугаар сард парламентын сонгууль болж, тухайн жилийн наймдугаар сарын 15-нд БНСУ-ыг зарлан тунхаглажээ.
Үүний хариуд Хойд Солонгост Ардын дээд хурлын сонгууль явуулж, мөн оны есдүгээр сарын 9-нд БНАСАУ-ыг зарлан, тунхаглаж байсан аж. Тэгвэл удахгүй тохиож гэж буй эл өдөр Хойд Солонгос пуужин харваж магадгүй тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилт өчигдөр албан ёсоор өндөрлөсөн юм. Сургуулилтад АНУ-аас 17500, БНСУ-аас 50 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд Солонгосын хойгт өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдрөөс өчигдрийг хүртэл 11 өдрийн турш үргэлжилсэн юм. Гэвч, энэ сарын 9-нд тохиох Үндэсний баяраар Пхеньян пуужин харваж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж онц байдал тогтоосон байна. Тэд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаагийн зэрэгцээ тандалт, ажиглалтаа үргэлжлүүлж байгаа гэнэ.
Цэргийн сургуулилтын үеэр АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн Харри Харрис, АНУ-ын цэргийн баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах стратегийн хүчний тэргүүн Хайтен нар БНСУ-д айлчилж, удаа дараа хэвлэлийн хурал зарлан Хойд Солонгос улсыг хүчтэй шүүмжилж байсан юм. Харин үүний хариуд Пхеньян наймдугаар сарын 26-нд богино зайн тусгалтай гурван пуужин, үүнээс гурав хоногийн дараа дахин дундын зайн тусгалт пуужин харвасан юм.
Эхний удаад харвасан пуужингийн загвар нь тодорхойгүй байгаа. Харин наймдугаар сарын 29-нд харвасан дундын зайн тусгалт пуужин Хоккайдо арал дээгүүр өнгөрч Номхон далайн усанд унасан юм. Тус пуужингийн төрлийг Пхеньян АНУ-ын Гуам арал руу харвахаар онилсон "Хвасон 12” пуужин болохыг батлан мэдэгдэл хийсэн. Тэд тус пуужингийн туршилтыг Гуам арал руу пуужин харвах бэлтгэл байсан гэдгийг онцолсон бөгөөд дараагийн бай нь Гуам болно гэж сүрдүүлсэн байдаг.
Тэгвэл цэргийн сургуулилт нь дуусч буй БНСУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр Батлан хамгаалах үндэсний хороогоо хуралдуулжээ. Хуралдааны үеэр Хойд Солонгос зүүн хойд этгээдийн Пунгёри гэх цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийн талбайгаас хэзээ мөдгүй зургаа дахь цөмийн зэвсгийнхээ туршилтыг хийж магадгүй байгаа талаар мэдээлсэн байна.
Түүнчлэн, Хойд Солонгосын цэргийн ерөнхий командлагч Ким Жон Ун "Цаашдаа Номхон далайг чиглэсэн пуужингийн туршилтаа хэрэгжүүлэх ёстой” гэж хэлсэн юм.
Түүнчлэн, Хойд Солонгосын цэргийн ерөнхий командлагч Ким Жон Ун "Цаашдаа Номхон далайг чиглэсэн пуужингийн туршилтаа хэрэгжүүлэх ёстой” гэж хэлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгос энэ сарын 9-ний тусгаар тогтнолын өдрөөрөө шинэ загварын баллистик пуужин эсвэл, цөмийн зэвсгээ харвах магадлал маш өндөр гэдгийг онцолж, АНУ-ын цэргийн алба хаагчидтай хамтран тандалт, ажиглалтаа үргэлжлүүлэхээр болжээ.
Монголын мэдээ
Б.Даваа