Монгол улсын хэмжээнд 100993 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас Хөдөлгөөний бэрхшээлтэй нийт 20000 гаруй иргэн, үүнээс 0-17 насны нийт 2378 хүүхэд, Тэргэнцэртэй нийт 2332 иргэн, үүнээс 0-17 насны 509 хүүхэд тус тус амьдарч байна. Иймд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах, тэдэнд зориулсан ээлтэй орчин, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх нөхцөл боломжийг сайжруулах, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор ХНХЯамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан Жүжигчин Г.Ундармаатай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгоё” төслийг эхлүүллээ.
Төслийн хүрээнд: Худалдаа үйлчилгээний газруудад "Тэргэнцэр үйлчилгээ”-г нэвтрүүлэх ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Шангрила молл болон И-март худалдааны төвүүдэд эхлүүлэн Хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус бүр 2 тэргэнцрийг байршууллаа. Тэргэнцэр үйлчилгээ нэвтэрснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй тав тухтай үйлчлүүлэх нөхцөл боломж бүрдэх юм.
Тус үйл ажиллагаа нь цаашид олон худалдааны төвүүд болон үзвэр үйлчилгээний газруудыг хамруулах бөгөөд эхний удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн жишиг 2 байгууллагыг сонгон эхлүүллээ. Уг төслөөр дамжуулан жүжигчин Г.Ундармаа бусад аж, ахуй нэгж байгууллага болон худалдааны төвүүд, олон нийтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохыг уриаллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон олон нийт энэхүү ажлыг дэмжихэд бидний ажлын гол үр дүн гарах юм.