Галзуу өвчин нь вирусээр үүсдэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг, одоогоор бүрэн эмчлэгдээгүй халдварт өвчин. Манай улсад 1972 онд амьтнаас хүнд халдварласан ийм тохиолдол анх бүртгэгдсэн. Үүнээс хойш энэ төрлийн өвчнөөр 36 хүн өвчилж, нас бараад байна. Амьтнаас хүнд халдварладаг буюу зоонозын галзуу нь мэдрэлийн галзуугаас олон зүйлээрээ ялгаатай. Мэдрэлийн галзуу нь хүний сэтгэцэд өөрчлөлт ордог бол зоонозын галзуу нь хүний эд, эсэнд нөлөөлж булчин зэргийг сулруулж ажиллагаагүй болгодог.
Өвчний гол үүсгэгч нь нохой. Өөрөөр хэлбэл, нохойд хазуулсан тохиолдолд энэ өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай. Хүн галзуугийн халдвар авсан тохиолдлын 99 хувь нь нохойноос халдварласан байдаг гэнэ. Гудамж талбайн хаагуур ч зоргоор гүйлдэх золбин нохдод дарлуулсан нийслэлд амьдарч буй иргэдэд энэ нь илүү хурцадмал асуудал. Энэ жил л гэхэд нийслэлд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй байгаа аж. Ийм тохиолдолд золбин нохдыг устгахыг хүлээлгүй халдвар авахаас өөрсдөө сэргийлэх шаардлага тулгарч байна. Нохойд хазуулсан тохиолдолд яаралтай эмчид хандаж вакцин хийлгүүлснээр бид энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Галзуугаар нас барсан 36 хүн галзуугийн эсрэг вакцин хийлгээгүй, оройтож эмнэлэгт хандсан зэргээс үүдэн нас барсан юм. Хариуцлагагүй, хэнэггүй байдлаас үүдсэн энэ харамсалтай байдлыг иргэд мэддэг ч өнгөрсөн жилийн хувьд иргэд нохойд хазуулах "эрхгүй” байсан. Учир нь, өнгөрсөн жил галзуу өвчинтэй тэмцэх өдрийг улс даяар галзуугийн вакцингүй угтаж байв. Уг нь иргэд газлуугийн вакциныг харьцангуй идэвхтэй хийлгэдэг гэж хэлж болно. Тухайлбал, хохойд хазуулсан хүний 95 хувь нь галзуугаас хамгаалах вакциныг хийлгэжээ. Харин энэ жил "Газлуугийн эсрэг вакцин ирсэн” гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн хэлж байна.
Дэлхийн галзуу өвчнийг хянах холбооны санаачлагаар 2007 оны есдүгээр сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байгаа. Энэ өдөр галзуу өвчнөөс сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд "галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон мянган хүнд хүргэдэг. 2030 он гэхэд хүний галзуу өвчнийг бүрэн устгах уриан дор улс орнууд энэхүү өвчинтэй тэмцэх өөрсдийн үйл ажиллагааг сайжруулж байгаа.
Сонирхуулахад, галзуугийн вирүс 120 хэмээс доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, нэг метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг аж. Харин гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй гэнэ. Энэ вирүс зэрлэг амьтдын дунд тархсан байдаг бөгөөд манай улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын долоон дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдээд байна. Энэ нь уг өвчний эрсдэлгүй газар манай улсад байхгүй гэдгийг харуулдаг. Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг юм байна.
Хэрэв дээрх тохиолдол илэрсэн бол нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, яаралтай эмнэлэгт хандаж, вакцин хийлгүүлэх шаардлагатай. Эмчийн зааврын дагуу вакцины тунг үргэлжлүүлнэ гэж мэргэжилтэн зөвлөж байна.
Р.Дулам