Монголбанкны үүрэг юу вэ. Мөнгөн тэмдэгт буюу төгрөгийг гүйлгээнд гаргаж, улсын мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. Улмаар эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний нийлүүлэлтийг оновчтой удирдаж, инфляциас сэргийлэх үүрэгтэй. Харин нөгөө талаас хямралын үед дефляци болох, бизнес эрхлэгчдийн орлого муудаж, ажилгүйдэл бий болох, хөрөнгө оруулалт орохгүй байх зэрэг сөрөг үр дагавруудаас сэргийлэх учиртай. Тэгвэл өнөөдөр Монголбанк энэ үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа юу. Маш том асуултын тэмдэг.
Үнэндээ манай улс банкны системдээ өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт хийж чадаагүй. Тэр бүү хэл Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. 2013 оноос хойш "Чингис бонд”, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг томоохон мөнгөөр тоглолт хийж, амь зогоосоор ирлээ. Монголбанкинд "мандаж” явсан үе бий. 2013 онд гэхэд л Монголбанкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч байлаа. Гэвч үүнийгээ улс төрийн харалган бодлогоос болж алдсан. Тодруулбал, орон сууцны найман хувийн зээл болоод зах зээл дээр 2,7 их наяд төгрөгийг хэвлэж тараасан нь мөнгөний ханшийг 80 хувь хүртэл унагасан удаатай. Жилийн өмнө нэг арилжааны банк "Эрдэнэт үйлдвэр”-ийг 400 сая ам.доллараар худалдаж авахад Монголбанк хянаагүй. Нэг дор 200-500 сая ам.доллар гаргахад л манай эдийн засаг дийлэхгүй гэдгийг судлаачид хэлдэг юм билээ. Энэ нь нөгөө л улс төрөөс хараат бус гэдэг онолоо барьж чадаагүйтэй холбоотой. Монголбанк гол чигээ алдчихсан. Зүгээр л улстөрчдийн тоглоом болчихсон. Үндсэн хуулинд Монголбанкны ерөнхийлөгч зургаан жил тутамд сонгогдох ёстой гээд зааж өгсөн байдаг. Гэвч үе, үеийн Монголбанкны ерөнхийлөгчид энэ хугацааг гүйцээж чаддаггүй. Ийм байдлаар явсаар Монголбанкны үйл ажиллагаа өдрөөс өдөрт муудаж байгааг хэн хүнгүй харж байгаа.
Тэгвэл энэ байдлаас салах арга бий. Энэ бол Монголбанкийг жинхэнэ утгаар нь бие даасан, тусдаа мэргэжлийн институц болгох юм. Эдийн засаг нь амжилттай яваа улс орнууд Төв банкныхаа хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж өгч, засаглалын тогтолцоог нь сайн байлгах тал дээр онцгой анхаардаг байна. Учир нь мөнгө хэвлэх цор ганц эрхтэй энэхүү байгууллагын хараат бус байдал алдагдаж, улс төр нөлөөлснөөр гипер-инфляци үүсч мөнгөн тэмдэгт нь цаас болж, эдийн засаг нь хямарсан тохиолдлууд дэлхийн улс орнуудын түүхэнд цөөнгүй байдаг болохоор тэр. Ийм учраас Монголбанкны засаглалыг сайжруулж, институцийн хэмжээнд ажиллуулах хэрэгтэй юм. Хэд хоногийн өмнө Монголбанкны газрын дарга нар эдийн засагчидтай уулзаж санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Төсвийн бодлого улс төрийн нөлөөнд асар их хамааралтай байгаа энэ үед зөв шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд маш хязгаарлагдмал орон зай бий. Тиймээс Монголбанк бодлогодоо тууштай байх ёстой. Макро тогтвортой байдлын "манаач” нь болох ёстой юм.
Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг эзэлж байгаа ийм үед мөнгөний бодлогод хязгаарлагдмал байдлыг авчирдаг. Тиймээс Монголбанк макро эдийн засгийн "манаач” байх үүргээ тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ингэхийн тулд инфляци буюу үнийг тогтвортой байлгах бодлогоо хэрэгжүүлнэ. Хоёрдахь үүрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг хангана. Түүнчлэн шийдвэр гаргагчдын бодлогод нөлөөлж, зөв тийш нь чиглүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Түүнийэнэ үгнээс Монголбанкныхан төрөөс хараат бус байх хүсэл эрмэлзэл их байгааг харж болно.
Өнөөдрийн байдлаар Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэдгийг дээр хэлсэн. Тиймээс ирэх жил 100 тэрбум төгрөгөөр дүрмийн санг нь нэмэгдүүлэх заалтыг "Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл”-д тусгасан юм билээ. Түүнчлэн төсөлд санхүүгийн зах зээлд оролцож, шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн мэдлэг боловсролыг сайжруулах заалт оржээ. Учир нь банк, санхүүгийн байгууллагуудын бизнес төлөвлөлт алсын хараа муутай байдгаас гадна олон нийтийн эдийн засгийн боловсрол нойл зааж байгаа юм. Тиймээс Монголбанкийг мэргэжлийн институт болох хэрэгтэй гээд байгаа нь ийм учиртай. Мөн Төв банкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг хараат бус хамтын хэлбэрээр хэрэгжүүлнэ гэсэн заалт төсөлд багтжээ. Одоогийн хуулиар бодлогын шийдвэрийг Төв банкны ерөнхийлөгч гаргадаг. Харин энэ жилийн "Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл”-д бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын зөвлөл гаргах тухай заасан байх юм.
Ямартай ч Монголбанкныхан алдаагаа залруулах хүсэл байгааг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийг ярианаас ойлгож болно. Тэрбээр "Монгол Улс эдийн засгийн маш том хүндрэлд орсон. Шалтгаан нь улсын төсөв. 2016 оны төсөв 20 хувийн алдагдалтай явж ирсэн. Тиймээс Засгийн газрын замбараагүй хэрэглээг танаж байгаа. Бас гадаад өр байна. Хөгжлийн банкны 580 сая евро бонд 2017 оны гуравдугаар сард төлөгдөх ёстой байсан. Тэр үед Монгол Улсад энэ өрийг төлөх боломж байгаагүй. Тэр ч утгаараа 2022 хүн хүртэл хойш нь тавьсан. Цаг хугацаанаас боломж хайж байгаа юм. Энэ өрийг хэдэн жилийн дараа төлдөгөөрөө төлнө. Үүнтэй адилхан Монголбанк өрийнхөө асуудлыг 2020 он руу аваачсан. Өнөөдөр эдийн засгаа сэргээж, экспортынхоо орлогыг нэмэгдүүлээд, нөөцөө бүрдүүлж чадвал энэ өрнөөс гарах боломж бий. 2013 онд Монголбанкны валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч байсан. Ийм амжилтад хүрэх боломж бидэнд байгаа. Тиймээс хууль, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. Мөн Монголбанкнаас хийж байгаа мөнгөний бодлогыг улс төрөөс ангид байх урт хугацааны бодлогыг хийх хэрэгтэй байна” гэж хэлж байв.
Монголбанкны хуулиуд энэ намар УИХ-аар орж шинэчлэгдэх учиртай. Энэ хуулиудыг засч, сайжруулаад Монголбанкийг улс төрөөс хараат бус, мэргэжлийн байгууллага болох ёстойг эдийн засагчид сануулсаар байгаа юм. Тухайлбал, МУИС-ийн доктор, профессор, гавъяат багш Д.Дуламсүрэн "Монгол Улс бичигдсэн хуулиа биелүүлэх хэрэгтэй. Төр засаг нь энэ хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Дээрээсээ эхлэхгүй бол доороосоо явахгүй. Тиймээс Төв банк хэрэгжүүлэх хэрэгтэй. Төв банк зах зээлийн Засгийн газар. Зах зээлээ удирддаг төв институц нь юм. АНУ-ын Төв банкны ерөнхийлөгчийн бодлогыг дэлхий даяар хэдэн сараар хүлээдэг. Монголбанкийг ийм л болгомоор байна. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал бий болно. Дээрээс нь банкуудын активын үнэлгээ амжилттай хийгээд дотоодын том төсөл, хөтөлбөрүүдээ удирдаж чаддаг том банктай болохгүй бол "өртэй эдийн засаг” гэдэг тодорхойлолт огт арилахгүй” гэсэн юм. Үнэхээр ч тийм. Монголбанк улс төрийн хараат бус байдлаас гарахын тулд мэргэжлийн институц болох ёстой. Үүнийг ард иргэд, судлаачид Монголбанкныхан өөрсдөө ч хүсч байна. Монголбанкийг нэн тэргүүнд улс төрөөс чөлөөлье.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/