|

МАН-ын хагарлын цаадах эрх ашиг юу вэ?

МАН-ын хагарлын цаадах эрх ашиг юу вэ?

 

Б.ДАМДИН-ОЧИР

УИХ-Д МАН ХОЁР БҮЛЭГТЭЙ БОЛОВ

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр тусдаа хуралддаг болсон. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн нэг талд, хамгаалсан 32 гишүүн нөгөө талд хуралдаж шийдвэр гаргадаг. Тэгээд хоёр талаасаа уулздаг болсон гэдэг.

Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг уржигдар МАН-ынхан өөрсдөө баталлаа. УИХ-аар У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайдаар томилох хуралдаанд МАН, АН, МАХН, бие даагч 47 гишүүн оролцож саналаа өгсөн юм. Харин өмнөх Засгийн газрыг хамгаалж байсан  29 гишүүн хуралдаанд оролцсонгүй.

Тэд чуулганы гадна сэтгүүлчдийг цуглуулчихсан хэвлэлийн бага хурал хийв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ард нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар зогсч харагдсан.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "…МАН бол ард түмний өмнө хүлээсэн, хариуцлагатай том нам. Тийм учраас асуудлаа дотооддоо хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Гэтэл зөвшилцөл хийхгүй, зарчмаа ярихгүйгээр шууд санал хураалт явууллаа. Засгийн газрыг 30 орчим хүн АН-ын дэмжлэгийг аваад огцруулсан. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд сая индэр дээр "…Би амь насаа алдахаас айхгүй” гэж хэлсэн нь их гайхал төрүүлсэн. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх, ажил хийх л ёстойгоос амь нас алдах, хорлох хөнөөх ямар асуудал гараад байгааг ойлгохгүй байна. Энэ бүхнийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсч байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо Ерөнхий сайдаас хамаарна. Худлаа хэлээд яахав. МАН-ын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой” гэлээ.

Ө.Энхтүвшин гишүүний энэ мэдэгдэл МАН-ын хагарал албан ёсны болсныг мэдэгдсэн хэрэг болов.

Гэхдээ У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Хотын фракц буюу өмнөх Засгийн газрыг хамгаалсан гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын тал буюу Шадар сайд тэргүүтэй 6-7 сайдын албан тушаалыг хүссэн гэдэг.

Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дөрвөн сайдыг АН-аас, хоёр сайдыг Ерөнхийлөгч томилно гэсэн мэдээлэл хүртэл яригдаж байна.

Гэхдээ явж явж Хотын фракцдаа 6-7 биш юм гэхэд хэд хэдэн сайд томилох квот өгөөд хамтраад явах байх гэсэн таамгийг ажиглагчид хэлж байгаа.

Хэдийгээр Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх багаа бүрдүүлж ажилдаа орохын тулд дээрх алхмыг хийх ч МАН-ын зөрчил дуусахгүй. Ер нь бол эвлэрэхээргүй хагарсан байж мэднэ гэдгийг бас хэлж байгаа юм.

 

Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан "бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юм сан.

 

МАН-ЫН ЗӨРЧИЛ НИТХ-ЫГ ГАЦААГААД БАЙНА

 

60 тэрбумын бичлэгээс болж жил гаруй хугацаанд олны хэл амны бай, хэвлэлийн баатар болоод байсан Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Гэтэл түүний оронд хүн томилж чадалгүй 14 хонох гэж байна. НИТХ-ын даргад одоогоор Д.Баярсайхан, С.Амарсайхан гэдэг хоёр хүн өрсөлдөж байгаа. Хэн нь дээр вэ гээд ярих гэтэл Д.Баярсайхан нь М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэх мэдээлэл тарав. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын даргыг томилж чадахгүй байгаа нь ерөөсөө л МАН-ын зөрчилтэй холбоотой болж таарлаа. Хамгийн гол нь МАН-ын дотоод зөрчлөөс болж, НИТХ-ын ажил саатаад байгаа юм.

Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "…НИТХ анх удаа даргаа огцруулсан. Гэвч даргаа сонгож чадахгүй байна. Өнөөдөр НИТХ-ын 11 дүгээр хуралдаан үргэлжлэх ёстой. Завсарлагыг сунгах шаардлага байгаа бол дэгийн дагуу хуралдааныг эхлүүлж, бидэнд мэдэгдэх ёстой. Гэтэл завсарлагыг сунгах тухай албан ёсны мэдээлэлгүй, хаалга үүд нь түгжээтэй байна.

Аравдугаар сарын 5-ны дотор Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Энэ өдрөөс эхлэн нийслэлд 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой. 2018 оны төсвийг хэлэлцэх шаардлага үүсдэг. Харамсалтай нь энэ бүхнийг ярих бус албан тушаалын асуудлаа эрх баригчид шийдэж чадахгүйгээс нийслэлийг бодлогоор хангадаг НИТХ-ын үйл ажиллагаа гацчихаад байна. Тиймээс МАН-ын бүлэгт ажлаа шуурхайлах шаардлагыг тавьж байна” гэсэн юм.

 

УИХ-ЫН 33 ГИШҮҮНИЙГ "..АЛНА” ГЭЖ СҮРДҮҮЛЖЭЭ

 

Улстөрчдийг юугаа булаалдсан юм гэхээр доромж сонсогдоод бухимдаж магад. Гэвч эрх баригч МАН-ынхан ингэтлээ зөрчилдөж, улайрч тэмцэлдэж байгаагийн цаана ямар нэг том эрх ашиг нуугдаж байгаа нь тов тодорхой байна.

Аль хэдийнээс өөр хоорондоо тэмцэлдэж, тэрийг нь асуухаар "…Бидний дунд яс хаяад байгаа юм. Манай намынхан эв нэгдлээ л боддог хүмүүс” гэж хэдэн сар худлаа ярьсан даа. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр хүртэл хөтлөлцөж гарч ирээд энэ худал үгийг хэлцгээж байсан юм. Цагийн эрхээр үнэнд гүйцэгдэж нуух аргагүй болжээ. Одоо ил цагаан тэмцэлдэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амнаас "…Намайг алахгүй л бол, …Би айхгүй байна” гэдэг үг салахаа болив.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээрээс "…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэв. Мөн тэрээр өнгөрсөн баасан гаригт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ "…Надад айдас алга” гэдэг үгийг хэлээд л авсан.

Түүнээс өмнө, наймдугаар сард У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр "…Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна” гэсэн. Дараа нь хэвлэлд "…Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ” гэж ярьсан байдаг.

Эндээс У.Хүрэлсүхэд ямар нэг айх шалтгаан байна гэж харахаар байгаа юм. Ер нь МАН-ынхан сүүлийн үед маш ширүүн болсон. Хэлж ярьж байгаа нь эгээ л гудамжинд ч ховордсон харгис яриагаар харилцдаг болсон байгаа юм. МАН-ын Бага хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн хоёр бие биеэ "…Ална шүү. Хүйс тэмтэрнэ шүү” гэж "эр хүний тоглоом” маягаар ярьсан гээд байгаа.

Тэр хурал дээр Сэлэнгийн МАН-ыг төлөөлж ирсэн нэг залуу "…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүнийг Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаа” гэжээ. Энэ бас зүгээр л эр хүний хоорондын маазарсан яриа юу. Угтаа энэ бол маш ноцтой мэдээлэл юм. Төрийн 33 түшээг ална гэж заналхийлсэн айхтар хэрэг бус уу. Гэвч МАН үүнийг тас нууж байгаа аж.

Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат "…Тэр шорондоо хийвэл хийнэ л биз. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ за юу” гэж Байнгын хорооны хурал дээр яриад сууж байна. Хэн түүнийг шоронд хийнэ гэв. Яасан гэж шоронд орохоор болчихов гээд олон асуулт ургаж болно.

 

ТЭД ЮУ БУЛААЛДАВ?

 

Ер нь асуудал ийм дээрээ тулсан нь учиртай юм байна. Монголын хамгийн ахмад, хамгийн том, хамгийн журамтай, хамгийн хүмүүжилтэй намын гишүүдэд булаалдах маш том эрх ашиг байна гэсэн үг.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр улс орны эдийн засаг сайнгүй байна. Он гарангуут "Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төлнө. Төлөх мөнгө байхгүй. Төлөх арга ч тодорхойгүй байгаа. Санхүү муутай Засгийн газар сайн ажиллахгүй нь тодорхой. Сайнгүй нэртэй Засгийн газрын гишүүн бас л адилхан нэр дуулна. Гэтэл ийм царайтай Засгийн газарт орж улс төрийн карьертаа цэг тавихыг хүсэгчид дэндүү олон байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Гэвч ингэх шалтгаан бий гэнэ. Ерөөс МАН-ын хагарлын цаадах эрх ашиг нь маш том. Шуудхан хэлэхэд, алт зэсийн том орд бүхий "бялуу”-ны дахин хуваарилалт явагдах гэж байгаа гэх бүдэг бадаг мэдээллийг учир мэдэх хүмүүс өгч байна.

Уг нь МАН-ынханд намын эв нэгдэл гэдгээр халхавчлан "бялуу” хүртэх гэсэн хувийн сонирхлоос нь Монгол Улсын эрх ашиг чухал байх ёстой юмсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин