Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагт ажилласан тайлан дүгнэлтээ өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүллээ.
-11 АЛБАН ТУШААЛТНЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛСОН БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ-
Барилга хот байгуулалтын яам нь улсын хэмжээнд 2015 онд нийт 15 яамнаас шударга байдлын үнэлгээгээр 65,8 оноогоор буюу яам, агентлаг, аймаг, нийслэлээс хамгийн бага оноотой, эрсдэл өндөртэй үнэлэгдсэн бол 2016 онд мөн л 65,7 оноогоор Авлигын индексийн судалгаа, үзүүлэлтээр харьцангуй бага оноотой 3 салбарын нэг болсон байна. Барилга, хот байгуулалтын яамны бүтэц, зохион байгуулалтыг сүүлийн нэг жилийн хугацаанд гурван удаа өөрчилж өмнө нь 5 газартайгаар үйл ажиллагаа явуулж байсныг 7 газартай болгон задалсан нь салбар хоорондын уялдаа холбоог бууруулж, тусгаарласан, хамтын ажиллагааг сулруулах үр дагавар үүсч байна.
Барилга, хот байгуулалтын яам болон салбарын хэмжээнд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж томилогдох нийт 143 албан тушаалтан байгаагаас 11 албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолыг тус тус зөрчин томилсон байна. Мөн тус салбарт 2015-2017 онд томилогдсон удирдах албан тушаалтны 76 хувь нь 2016 онд буюу сонгуулийн жилийн дараа тухайн албан тушаалд томилогдсон нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна. Төрийн жинхэнэ албан тушаалд 25 хүнийг гэрээгээр ажиллуулсан нь төрийн захиргааны албан тушаал дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалт өгөөгүй иргэдийг хууль зөрчин ажиллуулж буй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.
-20 АЛБАН ТУШААЛТНЫ 40,7 ХУВЬ НЬ БАРИЛГЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЯВУУЛДАГ КОМПАНИТАЙ БАЙЖЭЭ-
Ажлын хэсэг тус яамны албан тушаалтнуудын хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн талаарх судалгааг түүвэрчилсэн байдлаар гаргаж танилцууллаа. Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга зэрэг 20 албан тушаалтныг хамруулан судалж үзэхэд тэдгээрийн 40.7 хувь нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдний ердөө 9 нь аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн бөгөөд ингэж шилжүүлснээр зөрчлөө арилгасан гэж үзэхгүй бөгөөд цаашлаад дээрх аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, тендер сонгон шалгаруулах зэрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэл, тайлбар гаргаж байх, хуулийн шаардлагыг хэрэгжүүлж ажиллах талаар анхаарууллаа.
Тус салбарт ажиллах хугацаандаа Ажлын хэсгийн зүгээс Барилгын салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, хүнд суртал, чирэгдлийн талаар ярилцсан байна. Салбарын сайд солигдох болгонд төрийн бус байгууллагуудтай харилцах бодлого өөрчлөгдөж барилгын салбарт сүүлийн 4 жилийн хугацаанд 49 төрийн бус байгууллага бий болсон байна.
-25 ТЭРБУМЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН "МОНГОЛ ДАЙВАН” ХХК ЗУРАГ ТӨСЛӨӨС ЗӨРҮҮТЭЙ, ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАРИЛГА БАРЬСАН БАЙЖЭЭ-
Ажлын хэсэг салбарын хүрээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийт 36 төсөл хөтөлбөртэй танилцахад нэгэн зүйл анхаарал татсан талаар танилцууллаа. Тухайлбал, 2013-2014 онд тус бүр нь 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 томоохон төсөл хөтөлбөрийг "Монгол Дайван” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан боловч тус компани барилгыг ажлын зураг төслөөс зөрүүтэй хийж гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй байжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хянан шалгаж байна.
Хэлэлцүүлэгт оролцсон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба "Ажлын хэсгийн тайлан дүгнэлттэй танилцсан яамны дарга, мэргэжилтэн бүр дор бүрнээ дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн хугацаанд гаргасан, хэлэлцүүлгийн тайланд дурдагдсан энэ мэт зөрчил, дутагдал бүхнийг одоо шинэ эрх зүйн орчинтой болсон энэ цаг үед давтаж болохгүй. Хууль эрх зүйн хувьд өмнөхөөс өөр шинэ орчин үйлчилж эхэлсэн шүү” гэж анхаарууллаа.
Б.ЦЭЛМЭГ