|

Рио Тинто хөнгөн цагааны үйлдвэрүүдээ худалдаж байна

Рио Тинто хөнгөн цагааны үйлдвэрүүдээ худалдаж байна

 

Австралийн уул уурхайн Рио Тинто групп нь Францын Дюнк хот дахь хөнгөн цагааны үйлдвэрээ худалдахаар төлөвлөжээ. Жилд 270 мянган тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадлаараа Европын холбооны томоохон үйлдвэрт тооцогддог.

Энэхүү худалдаа нь Рио Тинто группын санхүүгийн чадавхаа сайжруулах зорилтоор үр ашиг багатай төслүүдийнхээ хувь эзэмшлийг худалдах өргөн цар хүрээтэй хөтөлбөрийн нэг хэсэг юм.

2013 оноос хэрэгжиж буй уг хөтөлбөрийн хүрээнд хөнгөн цагаан, нүүрс, зэсийн зах зээл дэх үйл ажиллагаагаа хумихдаа түүхий эдийн өөр бусад зах зээлд 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн болохыг есдүгээр сард группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ.

Өнгөрсөн онд Рио Тинто групп нь Их Британи дахь хөнгөн цагааны lochaber үйлдвэрээ худалдах гэрээг байгуулсан. Түүхий эдийн зах зээл дээр өнгөт металлын үнэ нэмэгдэж байгаа нь хувьцаагаа худалдахад таатай боломж олгож буйг Жан Себастьян Жак тэмдэглэсэн байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Лондоны металын бирж дээр хөнгөн цагааны үнэ 30%-иар өсчээ. Рио Тинто групп нь цаашид жилд 205 мянган тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай ISAL үйлдвэр болон Шинэ Зеланд, Австрали дахь 4 үйлдвэр багтах Pacific Aluminium салбараа нэгжээ худалдах боломжийг судалж байгаа аж.

Э.Од

Эх сурвалж: mongolianminingjournal.com