|

А.УНДРАА, Б.САРАНЧИМЭГ НАР ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО УУ

 
 А.УНДРАА, Б.САРАНЧИМЭГ НАР ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО УУ
А.УНДРАА, Б.САРАНЧИМЭГ НАР ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО УУ
АТГ-аас сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх үүрэг өгсөн.

Энэ дагуу төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан билээ. Эдгээр нэрс дотор эрхэм төрийн түшээ бүсгүйчүүдийн нэр багтжээ.

Тодруулбал, жагсаалтын 37-д УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраагийн нэр байна. Түүний хувьд 1999 оноос АНУ-ын Хойд Каролинагийн их сургуульд сурч докторын зэрэг хамгаалсан байна. Үүнийгээ ч өөрийнхөө намтрын хуудаснаа бичжээ. Намтрын хуудаст тодоор бичигдсэн энэ сургуульд эрхэм гишүүн улсын зардлаар суралцан төгссөн ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Цөмийн хаягдлын асуудалтай хэсэгтээ нэр холбогдсон физикч гишүүнийг төрийн сангийнхан "эрэн сурвалжилж” байгаагаа зарлалаа.

Төрийн мөнгөөр боловсролоо дээшлүүлсэн гэрээний үүргээ биелүүлээгүй дараагийн төрийн түшээ хатагтай бол Б.Саранчимэг. Түүний хувьд 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор ажиллаж байсан аж. Харин 1999 оноос АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургуулийг төгссөн байна. Ингэхдээ сургалтын төрийн сангаас зээл авсан ч мөн л гэрээний үүргээ биелүүлэлгүй том толгой гаргасан байна.

Төрийн мөнгөөр суралцаж, төрийн ордонд тухалсан эрхэм гишүүдийг БСШУСЯ ийнхүү олон нийтэд ил болголоо. АТГ-аас буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн болохоор эрхэм гишүүд өрөө хэрхэн барагдуулахыг харах л үлдэж байна.


 
П.ГОО
Оллоо.мн