Зэс, нүүрсний үнэнд зэллэсэн төсвийн орлого
У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 оны улсын төсвийнхөө ард гарах нь гарлаа. Ерөнхий зургаараа 2018 оны төсвийн орлого 7.2 их наяд төгрөг, зарлага 9.6 их наяд төгрөг байхаар хуульчлав. Төсөв ямар болсон, усыг нь хэр шахсан, түргэн түүхий болсон эсэхийг ирэх цаг хугацаа харуулна. Одоогоор бол ч яахав, төсвөө тойрон бүжих нь холгүй, сайн үг бүхнээ тийш нь чиглүүлж байна.
Төсөв хэрхэн тэлж, Монголын төр улам бүр мөнгөөр "бялуурах” болсныг төсвийн дүн бангаас анзаарч болохоор байна. Энэ бол эхэлж тусах өнгө будаг нь. Тавхан жилийн өмнө буюу 2012 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4,5 их наяд байсан бол өнөөдөр 7,2 их наяд болж бараг 50 хувиар буюу 2,7 их наяд төгрөгөөр өсчихсөн байна. Харин орлого дагасан зарлага 5 жилийн өмнө 6,0 их наяд байснаа ирэх жилийн төсөвт 9,6 тэрбум болтлоо өсөв. Үндсэндээ 3,6 их наяд төгрөг.
Орлого өсч байгаа нь сайн хэрэг боловч энэ нь эргээд татвар төлөгчдөдөө буюу иргэдийн аж амьдрал, улс орны хөгжилд юу наалдав гэхээр чамлалттай байгаа. Гэхдээ энэ жичдээ асуудал учир ингээд орхьё.
Харин Монгол улсын 2018 оны төсвийн орлого бүрдэлтэд урьдын адил гол бааз суурь болж байгаа уул уурхай, ашигт малтмалын орлого хэр бодитой байх бол гэдгийг анзаарч харъя.
Төсөв бол хууль. Ирэх жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4,2 хувь байна гэсэн урьдчилсан тооцооны хүрээнд төсвөө боловсруулаад байгаа. УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төсвийн алдагдлын гол шалтгааныг "үргүй зардал, уул уурхайн орлогын мөчлөг дагасан хэт тэлэлт” гээд "өсөлт гарч эхлэхэд төсвийн зардлыг 50-60 хувиар огцом өсгөдөг. Эргээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах үед тэлсэн төсвөө хумиж чаддаггүй. Энэ л гол асуудал” хэмээжээ. 2018 оны төсвийг ингэж тодорхойлсон хэрэг. Тэгэхээр төсвийн орлогын ганц гол ундрага нь урьдын адил уул уурхайн экспорт хэвээр байгаа бөгөөд энэ нь ганц тулгуурт эдийн засагтай манайх шиг улс орны хувьд ихээхэн эрсдэлтэй байдаг нь тодорхой. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ ханш, эрэлт хэрэгцээнээс л шалтгаална гэсэн үг. Тухайлбал, нүүрсний үнэ тонн тутамдаа төлөвлөснөөс таван ам.доллараар буурахад төсвийн орлого 257,6 тэрбум төгрөгөөр тасрах жишээний.
Тэгэхээр уул уурхайгаас хэдий хэмжээний хөрөнгө мөнгө орж ирэх нь монголчуудын хүсэл зоргоос гадуурхи асуудал.
Зэсийн үнэ төсөвт суусан өөдрөг төсөөлөлдөө хүрэх үү
Манай экспортын голлох хоёр эрдэс бол нүүрс, зэсийн баяжмал. 2018 онд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 1,7 их наяд төгрөгөөс давна. Үүний 1.5 их наяд төгрөг буюу 90 хувь нь зөвхөн зэс, нүүрсний орлого байх юм.
Нүүрсний экспортоос орох орлого зэсийнхээс давж гардаг болсон. Өөрөөр хэлбэл төсвийн орлогод тэргүүлэх жин дардаг байв. Харин ирэх онд улбар метал нэг их наяд шахам төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, Оюутолгойгоос 406, "Эрдэнэт” үйлдвэр 538.4 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг тэтгэнэ. Сайхан төсөөлөл. Гэхдээ эрсдэлтэй. Яагаад гэвэл зэсийн ханш дэлхийн зах зээл дээр яаж ч өөрчлөгдөж болно. Өсөх хүлээлт, уруудах эрсдлийн аль аль нь бий. 2010-2011 онд зэс тонн нь 10 000 ам.доллараас давж байсан үе бий. Харин түүнээс хойш зэсийн үнэ монголчуудын ярьдагаар өөд нар бараг хараагүй. Гэхдээ энэ жилийн тухайд үнэ цойлж өсөөгүй ч дээшээ чигтэй байгаа нь итгэл найдвар. Сангийн яам 2018 оны төсөвт тонн зэсийн үнийг 6430 ам.доллараар тооцож суулгасан бол олон улсын шинжээчид ирэх оны ханшийг 6000-6118 ам.доллар хэмээн таамаглаад байна. Тэгэхээр төсөвтөө нэлээд өөдрөг төсөөллөөр үнийг нь суулгасан гэсэн үг.
Хэрэв дэлхийн зах зээлд зэсийн ханш дээрх төсөөлөлд хүрвэл Монгол Улс 1.3 сая тонн баяжмал экспортолж, төсөвтөө нэг их наяд төгрөг олохоор тооцсон гэсэн үг.
Хар алтны эрэлтэд үүлэн чөлөөний нар гийх үү
Орлогын хоёр дахь гол эх үүсвэр нүүрс. Нүүрсний салбараас улсын төсөвт хагас их наяд төгрөгийн орлого олохоор тооцоод байна. Хэрэв хар алтны экспортыг энэ жилийнхтэй харьцуулж үзвэл харин даруухан төсөөлөл байж мэдэх юм. Учир нь 2017 онд монголчууд энэ оны эхний 9 сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолж, үүнээс 1,0 тэрбум гаруй ам.долларын орлого олсон гэх мэдээлэл байгаа. Гэхдээ төсөл боловсруулагчид нүүрсний экспортыг энэ жилийнхээс нэмэгдэхгүй гэж тооцож байгаагаа хэлсэн. Хойд Солонгосын эсрэг хориг манай нүүрсийг ийн эрэлтэд оруулсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа цааш нэг их үргэлжлэхгүй бололтой. БНХАУ-ын өндөр хэмжээний төлөөлөгчид удахгүй тус улсад айлчлах тухай мэдээлэл байна. Тэр үеэр нүүрсний хоригийн асуудал хөндөгдөх магадлалтай.
Монгол Улс 2018 онд 28 сая тонн нүүрсийг хилийн чанадад нийлүүлнэ гэсэн тооцоотой байна. Ингэхдээ баяжуулсан коксжих нүүрсний үнийг тонн тутам 100, боловсруулаагүйг нь 60 ам.доллараар тооцож төсөвт суулгаад байна. Харин одоогоор коксжих нүүрсний үнэ тонн тутамд 142.7 ам.долларт хэлбэлзэж байгаа аж.
Зэс алтаас гадна төсөвт багагүй дэм болсдог алт, төмрийн хүдэр, газрын тос гэхчлэн эрдэс бий. Ялангуяа алтны хувьд өөдрөг төсөөлөл байгаа. Монгол банкинд тушааж буй алтны хэмжээ байнга нэмэгдэж, 2017 онд 18 тоннд хүрчихээд байгаа бол ирэх жил энэ хэмжээ 2 дахин нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт буй. Тухайлбал, ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээг 21 тонн байхаар төсөөлсөн. Мөн алтны ханшийг 2018 онд 1291.0 ам.доллар байхаар тусгасан. Харин Дэлхийн банк алтны ханш ирэх онд 1206 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагтай байгаа ажээ.
Ирэх онд Монгол улс уул уурхайн салбараасаа 1,5 их наяд төгрөг төвлөрүүлэхээр зорьж байна. Хэр бодитой байх вэ, дэлхийн зах зээлийн үнэ ханш хэр эрсдэлтэй байх зэрэг нь олон хүчин зүйлээс шалтгаална. Бидний гадаад талдаа ннүр тахалдаг ганц салбар уул уурхай билээ.
П.Булган