|

Баривчлах байр хүчирхийлэгчийн дамжаа болж байна

 
 Баривчлах байр хүчирхийлэгчийн дамжаа болж байна

Ц.МЯГМАРБАЯР

Таны хүүхэд гэртээ тав тухтай сайхан орчинд сурч боловсорч, хайр энэрэлээр дүүрэн,  гэдэс цатгалан амьдарч, өсч торниж болно. Харин гудамжинд тэнэж, орцонд хоног төөрүүлж,  хог түүн амьдарч яваа, хүчирхийлэлд өртөж гэрээсээ дайжсан хүүхдүүд өсч том болоод нийгмийн харилцаанд орно. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн хайр ивээлд өсөөгүй, ядуу амьдралаар амьдарч  нийгэмд ад үзэгдсэн хүүхдүүд том болоод муу муухай бүхнийг үйлдэгч нэгэн болж таны хүүхдийг уруу татаж нэг л нийгэмд нийлж амьдарна гэсэн үг. Тиймээс хүүхэд бүрийн төлөө санаа тавьж сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж 108 утсанд болон холбогдох газар нь яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Социализмын үед хөршийн холбоо гэж байлаа. Үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй  гэж өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болсон "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” нээлттэй хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцолсон юм.

Манай улсад  хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл жилээс жилд нэмэгдэж,эцэг нь нэг  нас долоон сартай төрсөн охиноо хүчирхийлсэн, хойд эцэгтээ хүчирхийлүүлж зодуулснаас гэрээ орхисон.

 

13 настай охин бааранд хүчиндүүлж нас барсан зэрэг сэтгэл сэртхийлгэсэн жишээг Хүний эрхийн үндсэний комиссын дарга хэлж байлаа.  Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нуугдмал байна. Энэ төрлийн гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгддэггүй. Хүчирхийлэгчид хуулийн хариуцлага хүлээхгүй, хохирогчид "насан туршийн хохирогч” хэвээр үлддэг. Үүний нэг илрэл нь бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн талаас илүү хувь нь хохирогчдын хамаатан, ах, найз нөхөд, эцэг, хойд эцэг нь байдагтай холбоотой  гэв. Энэ оны есөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэний 135 нь хүүхэд хохирсон хэрэг байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 26 хэргээр буюу 23.9 хувиар өссөн. Нэг цагдаад 17 мянган хүүхэд оногдож байгаа нь гэмт хэргийг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд саад болж байна гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг хэлж байв.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд энэ оны есөн сарын байдлаар 113 мянган дуудлага хүлээн авсны 186 нь хүчирхийллийн дуудлага байна.Нийгэмд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг архидалт, ажилгүйдэл, ядууралтай шууд холбон тайлбарладаг. Цаашид зөвхөн нийгмийн асуудалтай холбон тайлбарлах бус хувь  хүний зан үйл, сэтгэц эмгэг, хүмүүс хоорондын харилцаа, дасан зохицох чадварыг  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, үр дүнд суурилсан хариу арга хэмжээ авах нь чухал гэж Хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа онцолж байсан юм. Хөдөө туслах малчдын хүүхэд боолын хөдөлмөр эрхэлж байна.Тэд жилийн дөрвөн улиралд хувцастай хувцасггүй, хоолтой хоолгүй олон цагаар малд явдаг. Мөн хотноосоо гарч үзээгүй охид нас биеэд хүрээд бэлгийн хүчирхийлэлд шууд өртдөг. Түүнчлэн эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарчээ. Олон улсад хүчирхийлэлд өртсөн хүүхдэд  хүүхдийн сэтгэл судлаач, өмгөөлөгч ажиллахаас гадна хүүхдийн туслах ажилтан томилж ажиллуулдаг юм байна. Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэргийг мөрдөх мэргэжлийн мөрдөн байцаагч, цагдаа байхгүйгээс дөрвөн настай хүүхдээс "за яаж хүчиндүүлсэн бэ” гэх мэтээр асууж байна. Олон улсад тусгай мэргэжлийн баг ажилладаг гэж Хүний эрхийн хуульч М.Ичинноров "Хүүхэд хамгааллын олон улсын стандарт” илтгэлдээ дурдлаа.

Засаг дарга Б.Гантуяа "Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажиллагааг дэмжиж хамгаалал шаардсан хүүхэдтэй ярилцах тусгай өрөө байхгүй тул өөрийнхөө өрөөг өгсөн нь үр дүнгээ өгсөн” гэж байв. Мөн хүүхэд хамгааллын  "Лантуу Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Хүчирхийллийн эсрэг, олон нийт, иргэний хяналт оролцоо ба хүн бүр нүдээ нээх” сэдвээр мэдээлэл хийсэн. Тэр мэдээлэлдээ " Нийгмийн хандлагыг  зөв зүйлд үнэн сэтгэлээсээ уриалж чадвал хүн бүхэн дэмжихэд бэлэн байдгийг сүүлийн жилүүдэд хүүхэд хамгааллын төлөө хийсэн ажил харуулсан. Хамгийн гол нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс эхлээд нийгмийн бүх давхаргынхан "Нүдээ нээх нь” чухал. Нүдээ нээ гэдэг нь нүдээ том болгож хар гэсэн үг биш. Хүчирхийлэлд өртөж болох 1.120 мянган хүүхдээ яаж хамгаалах вэ гэдэг бүх гарцыг олж харахыг хэлж байгаа юм. Бид цахим сүлжээгээр энэ асуудлыг олон нийтэд зөв таниулснаар нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандив тусламж цуглуулж Баянхошуунд хүүхэд хамгаалах "Ид шидийн орон” төвийг барьж ашиглалтад орууллаа. Урсгал зардлыг гурван жилийн хугацаанд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа 330 иргэн өдөр бүр нэг ам.доллар хандивласнаар бүрдүүлж байна гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ "Хүүхэд хүчирхийлж тарчлаан зовоож амь насыг нь эрсдэлд оруулж, алсан гэмт хэрэгтэнг цаазаар авах хэрэгтэй. Манай улс цаазын хуультай байхад ийм төрлийн гэмт хэрэг бага байсан. Харин цаазгүй болсон сүүлийн жилүүдэд ихэсч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас энэ саналыг гаргаж байна” гэв. Мөн энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан "Бид нийгмийн давхарга болсон тэнэмэл иргэдээ алга болгосноор энэ асуудлыг шийднэ. 1990 оны эхээр траншейны хүүхдүүд гэж байсан бид тухайн үед тэднийг цуглуулж харъяа газар болон аймаг бүрт нь хүлээлгэн өгч байсан. 2016 оны сонгуулиар дахин тэнэмэл иргэдээ тоолж хурууны хээгээр бүртгэсэн. 800 орчим иргэн байсан. Сургалтад хамруулахаар 500 хүн цуглуулсан ч хог түүх үндсэн ажил нь орхигдох болоод буцаагаад явуулсан.  Одоо тэднийг аймагт нь хүргэж өгөх, ажлын байраар хангах гэрээ байгуулах ажил үлдэж байна. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх баривчилгааны байр нь хүчирхийлэгч бэлтгэх дамжаа болсон гэж хэлж болно.

 

Гэр бүлээ хүчирхийлэгчийг хэд хоногоор  саатуулаад гэр рүү нь явуулахаар бие биеэсээ нарийн аргад суралцдаг. Тухайлбал, нүүрэн дээр нь дэр тавьж байгаад зодох, гуяны дотор талаас чимхэх гэх мэт. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг мөрдөж, хамгаалах, хүүхдийн хэрэгтэй тэмцэх мэргэжлийн тусгай багийг Цагдаагийн газар ажиллуулах шаардлагатай гэв. Хүүхдийн эсрэг  бэлгийн хүчирхийлэл нийгмийн асуудал болсон. Иймд хууль эрх зүйн орчны хэрэгжилтийг сайжруулах, нийгмийг эерэг мэдээллээр соён гэгээрүүлэх, олон нийт, хүүхдийг тогтмол мэдээл­лээр хангах зайлшгүй шаардлага бий болсон гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин