У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд бараг "ногоон гэрэл”-ээр багтсан хүн бол Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ. Түүний эхлүүлсэн "Шинэ хөдөө” төсөл, санаачлан боловсруулсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль зэргээс нь харвал хөдөө ажуй талдаа илүү мэдлэг сонирхолтой. Үүнийхээ төлөө ч хот хөдөөгөөр уйгагүй явж, тууштай зүтгэдэг. Гэвч шинэ Засгийн бүрэлдэхүүнд тэр хөдөө аж ахуй хариуцаж биш урьд нь Төрийн нарийн бичгийн даргын албыг нь хашиж байсан Зам тээврийн хөгжлийн яамыг удирдах томилолт өвөртлөв.
2000 оноос хойш Авто тээврийн үндэсний төвийн даргаас эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж байснаас нь харахад Ж.Бат-Эрдэнэ сайд зам тээврийн салбарт шинэ хүн биш ч энэ салбарт шийдэл хүлээсэн олон ажил бий. Хамгийн наад зах нь замын эвдрэл гэмтэл, зам даваа хаагдах, хот болон орон нутаг хоорондын нислэг гээд мэдрэмж, мэдээлэл, хурд шаардсан ажил цөөнгүй. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайдаас зөв өнцөг, алсын хараа шаардсан бодлогын хэмжээний ажлуудаас товч дурьдвал төсвийн мөнгийг уутаар нь "уудаг” өндөр өртөгтэй замын чанар, эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн сайжруулах, 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг дуусгах, мөн агаарын тээврийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төмөр замын бодлого, нүүрсний тээвэрлэлт гээд улс орны хөгжил, эдийн засагтай салшгүй холбоотой буруу гишгэх эрхгүй ажлууд хүлээгдэж байна.
Ж.Бат-Эрдэнэ салбараа удирдаад хоёр дахь сартайгаа золгож байна. Ажлаа авсан даруйдаа анхны томилолтоо орон нутгаас эхэлж, Гашуун сухайтын боомтын үйл ажиллагаатай танилцаж, нүүрс тээвэрлэгчдийн асуудлаар шийдэл хайв. Энэ мэтээр түүний ажлын үргэлжлэл болгож Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс оновчтой бодлого шийдэл эрсэн таван ажлыг онцоллоо.
НҮҮРСНИЙ ЖОЛООЧ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛ
Тээврийн жолооч нар ажлын орчин, нийгмийн асуудал орхигдож ирсний тод жишээ нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хад боомтын өнөөгийн нөхцөл байдал. Тэнд ажиллаж буй жолооч нар арав гаруй хонож байж хилээр гарч нүүрсээ буулгадаг. Осол, аваар олон гардаг учраас хүний амь эрсдэх нь цөөнгүй. Мөн жолооч нарын цалин хөлс, нийгмийн даатгал төлөлт баталгаагүй зэргээр төрийн зохицуулалт шаардлагатай байгаа юм. Тиймээс ажил байдалтай нь танилцаад ирлээ гэж алгуурлаж, бичиг цаас шидэж суухгүйгээр нүүрсний тээвэрлэлтэд явж буй автомашины бүртгэлийг эргэж харах, тээвэрлэлтэд тохирсон тоо хэмжээг барих, тээврийн байгууллагын хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Мөн Цагаан хадны боомтыг сэргээх асуудал нэн шаардлагатай байгааг нүүрс олборлогчид хэлж байна.
АГААРЫН ТЭЭВРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ТИЙЗИЙН ҮНЭ
Монгол Улс агаарын замаа илүү нээлттэй болгох, ялангуяа агаарын тээврийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого, шийдэл, дорвитой ажил дутагдаж байгааг энэ салбарынхан хэлдэг. Мөн хот хооронд болон орон нутгийн нислэгийн онгоцны тийзийн үнийг бууруулахыг олон нийт хүлээж байна. Ингэхийн тулд МИАТ-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлэх шаардлага тулгарч байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхитэй ажиллуулах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. МИАТ-ийг өрсөлдөх чадвартай болгож, агаарын хаалгаа нээснээр манай улсыг зорин ирэх жуулчдын тоо өсч, тэр хэрээр улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх юм.
ДЭД БҮТЭЦ, ЗАМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ
Улс орны хөгжил, эдийн засагт нөлөөтэй чухал зүйл бол дэд бүтэц. Олон зуун сая тэрбум төгрөгөөр баригддаг ч эргээд эдийн засгийн үр өгөөж сул. Замын ажлын тендерийг ихэнхдээ БНХАУ-ын компаниудад өгдөг. Хятад ажилчид орж ирээд өөрийнхөө талаас өгсөн зээлээр цалинжаад, буцаагаад аваад гардаг. Зээлтэй, өртэй үлддэг гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд бий. Тиймээс монгол ажилчид, инженерүүд дэд бүтцийн салбартаа манлайлж оролцох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
ШИНЭ НИСЭХ БУУДАЛ
Японы хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал бол Зам тээврийн хөгжлийн салбарын анхаарлаа хандуулах чухал ажлуудын нэг. Нисэх онгоцны шинэ суудал ирэх оны наймдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ч шийдвэрлэх хөрөнгө оруулалт багагүй байгаа гэнэ.
ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байна. Гүйцэтгэл 50 гаруй хувьтай хийгдсэн төмөр замын ажилд хөдлөх бүрэлдэхүүнтэйгээ нийлээд 500 орчим сая ам.доллар шаардагдаж байгаа аж.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин