|

Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Аймгийн Засаг даргын тэргүүлэн ажилладаг хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар энэ онд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн үйл ажиллагааг нь эрчимжүүлж хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулахаар болсон талаар хэлэлцсэн байна. 

Манай аймгийн хэмжээнд 0-18 насны 32186 хүүхэд байдаг байна. Эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах сурч боловсрох орчинг бүрдүүлэх зэрэг тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл зохион байгуулдаг. Өнгөрсөн онд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалт сурталчилгааг 6 мянга гаруй хүүхдэд зохион явуулсан, Залуучуудын хөгжлийн төв нь хорих ангийн хүмүүжигчдэд болон өсвөр үе залууст 20 гаруй удаагийн сургалт сурталчилгааны ажил зэргийг хийжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Зулзагын гол зуслангийн зөөлөн эдлэлийг шинэчлэх ХГБХХийн байрыг засаж тохижуулсан юм. Харин 2016 онд хүүхэд рүү чиглэсэн илүү өргөн хүрээтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулахаас гадна Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхдүүдийн төлөөллийг оролцуулан ТББ-дын дэмжлэгийг авч ажиллахаар болсон байна. 

Хүүхдийн төлөө зөвлөлийн тухайд тусгайлан суугдсан үйл ажиллагааны зардал байхгүй байсныг энэ жилээс зохион байгуулах ажлуудаа тодорхой болгож төсөв хөрөнгөө тодорхойлох ажлыг эхлүүлж, цаашдаа залуус хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин хүүхэд залууст хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллах талаар албаны хүмүүс хэллээ.