Монголыг үгүй хийж байгаа ганц юм нь авлига гэдэг. Бизнесийн салбарынхан бол яая гэх вэ, ёстой л бор зүрхээрээ мачийсаар өнөөгийн амжилтад хүрсэн. Тэгээд ч тэдний орлого тодорхой, зарцуулалт нь бүр ч ойлгомжтой. Харин төрд "зүтгэдэг”, цалингийн дунджид ч хүрэхгүй хэдэн төгрөг сард авдаг нөхөд мөнөөх бизнесменүүдийн орлогыг ч хэд нугалахаар луухгар баячууд болчхоод байгаад л асуудал оршино.
Төрийн томчуудын хэргийг бол үндэсний хэмжээнд авч үзэх ёстой. Тэгтэл тэдгээр том гарын этгээдүүдийн хажуугаар дунд шатны хурган дарга нарын авлига, хээл хахуулын асуудал жинхэнэ утгаар цэцэглэж, төрийн албыг аалзны шүлс шиг л хэрэн ороожээ. Сүүлийн жишээг дурдахад л, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар /ННҮГ/-ын дарга болон ерөнхий нягтлан бодогч хоёрыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган, аравдугаар сард дуулиантайгаар баривчилсан. Одоо тэднийг шалгаж байгаа.
Холбогдох байгууллагын мэдээлснээр, ННҮГ-ын дарга Ш.Одончимэг, тус газрын ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг арваннэгдүгээр сарын 02-ны өдөр суллаж, гадуур байцаахаар шийдвэрлэсэн гэнэ. Мөн тэднийг оргон зайлж болзошгүй учир хил давахыг нь хориглож, албан тушаалаас нь түр түдгэлзүүлжээ. Мөн бүртгэлтэй хөрөнгийг нь барьцаалж авсан байна.
Тэгвэл эдгээр этгээд чухам юуны учраас ийнхүү хэрэгтэн болов гэхээр Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд өөрсдөд нь ямар нэгэн байдлаар хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, үүгээрээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан байх юм.
Тэр ч бүү хэл, тэдний хэрэг 2015 оноос өмнө буюу 2013 онд эхэлж, өнгөрсөн хугацаанд нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэнэ. Хамгийн гол нь, Ш.Одончимэг хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис орон сууц, авто машин, агуулахыг өөр хүмүүсийн нэрээр бүртгүүлж, хувьдаа зувчуулсан ажээ.
Монголын төрийн алба ийм л салан назгай, хэн дуртай нь дотор нь орж дураараа дургих боломжтой байх нь. 1.5 тэрбум төгрөг, хоёр тэрбумын үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ахуйн тансаг хэрэглээ гээд тоочоод байвал дээрх хоёр эмэгтэй төрийн албаар дамжуулж татвар төлөгчдийн мөнгөөр яасан их тоглоо вэ. Нөгөө талдаа АТГ сайн ажилласан. Яг үнэндээ монголчууд томчуудын хэтэвч, бэл рүү хэт анхаараад тэдний доор байгаа шат шатны дарга нар төсвийн мөнгөөр хээв нэг хөрөнгөжөөд байгааг анзаараагүй аж.
Дахин нэг жишээ, мэргэжлийн хяналтын зүгээр нэг байцаагч нарын гэр, албан тасалгаанаас жирийн иргэдийн 20-30 жил хөдөлмөрлөж, хоол идэхгүй, хувцас өмсөхгүй байж гэмээнэ хурааж хуримтлуулах хэмжээний мөнгө илрэх нь хэвийн зүйл гэж үү.
Тодруулбал, МХЕП-ын газар, хэлтсийн дарга нарыг арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Тус газрын дарга нар бүлэглэн хүнс, тахиа, гахайны мах, шонхор шувуу, ургамлын гаралтай түүхий эд, pane, самар зэрэг бүтээгдэхүүнд экспорт, импортын зөвшөөрөл олгохдоо төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс ' их хэмжээний мөнгийг хахуул болгон авсан нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрлөөр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууцад хийсэн нэгжлэгээр 500 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө илрүүлж, хураан авсан байна. Сэжигтнүүдийг яллагдагчаар татан, цагдан хорьж буй.
Байдал ийм л байна. Хүмүүс сарын 450-700 мянган төгрөгийн цалинтай төрийн алба руу үхэн зүтгэлэх шалтгаан нь энэ л аж. Ингээд харахад, ядуу Монголын данхар төрд үнэхээр ой тойнд ч багтахааргүй их мөнгө эргэлдэж, үүнийг шат шатандаа халаасалдаг байх нь ээ. Төсөв хүрэлцэхгүй, онц шаардлагатай цахилгаан станц, гэр хорооллыг дахин төлөвлөж утаанаас салах зэрэг төслүүдийг хойшлуулж, эх орондоо эмчлүүлэх боломжгүй хүнд өвчтэй хүмүүс олон нийтээс гуйлга гуйхаас өөр аргагүй гэдэг. Гэтэл зүгээр л нэг газрын дарга, гаалийн байцаагч нарын шамшигдуулж, халаасалсан мөнгө тэрбум тэрбумаар тоологдож байна гэхээр хэтэрхий шударга бус санагдах аж.
Гэр хороолол хаяагаа тэлж, Улаанбаатарын 1.3 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах эрхийг утаагаар баглаж байгаа энэ үед нэн яаралтай орон сууцжуулах шаардлагатай байгаа нь үнэн. Харин энэ төслүүд олигтой хэрэгжиж чадахгүй, иргэд хямд үнэтэй орон сууцанд амьдарч чадахгүй тул нүүрс түлсээр байгаагийн шалтгаан нь эхнээсээ тодорч эхлэв бололтой.
Тодруулбал, Төрийн орон сууц, санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал асан Н.Гантулгыг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2016 оны сүүлээс эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Түүний хэргийг шалгаж байсан ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард Н.Гантулгыг баривчлан хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн юм. Мөн Н.Гантулгыг цагдан хорьж шалгасны дараа гадуур байцааж эхэлсэн байдаг.
Харин энэ оны аравдугаар сард ТОССК-ийн захирал асан Н.Гантулга холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлжээ. Түүнийг хөгжлийн банкнаас авсан хөрөнгийг дур зоргоороо зарцуулсан. Мөн энэ зарцуулалтаараа дамжуулан хувьдаа хөрөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа ажээ.
Тэгэхээр одоо хурган дарга нарын халаасыг нэг бүрчлэн шалгаж, бодит орлогоос нь давсан хэрэглээ бүрийн шалтгааныг тодруулж, улсыг хохиролгүй болгох цаг болжээ.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"