|

Ирэх 7-р сарын 1 гэхэд мал, тэжээвэр амьтан тэжээдэг иргэдийг хотын төвөөс гаргаж эхэлнэ

Ирэх 7-р сарын 1 гэхэд мал, тэжээвэр амьтан тэжээдэг иргэдийг хотын төвөөс гаргаж эхэлнэ

 

Дархан сумын иргэдийг малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын доторх ногоон байгууламж, эд хөрөнгийг хамгаалах, гэр хорооллын бүсэд байгаа мал, туслах аж ахуйг хотын төвөөс гаргах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байна. Ажлын хэсгийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ахалж байгаа бөгөөд гишүүдэд Аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Чимэдцэрэн, МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ЦГ-ын дарга Х.Алтанхуяг, ХХҮГ-ын дарга С.Энхболд, ГХБХБГ-ын геодези зураг зүйн мэргэжилтэн Б.Мөнхчулуун, Дархан сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн Ж.Уранчимэг нар багтжээ. Тэд өнөөдөр эхний хурлаа хийж авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу чиглэл бүрдээ ажлаа нарийвчлан зохион байгуулахаар болсон байна.Хотын төвөөс мал бүхий иргэдийг гаргах тухай асуудал 2014 оноос яригдаж, сум орон нутгаас холбогдох мэдээллийг иргэдэд хүргүүлж байжээ. Хойшлогдсоор өдий хүрсэн ажил ирэх 7-р сарын 1 гэхэд ажил хэрэг болох бөгөөд эхний ээлжинд Дархан сумын 5,6,7,8,15-р багийн, дараагийн ээлжинд 1,2,3-р багийн мал бүхий иргэдийг гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр хотын ногоон байгууламжруу мал орж сүйтгэдэг байдлыг арилгах, бэлчээргүйгээс хог хаягдлаар хооллосон малын мах, сүүгээр дамжин хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, мал, амьтны гоц халдварт өвчин гарч онц байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон чухал ач холбогдолтой аж. Зөвхөн 2017 оны байдлаар гэхэд хотын ногоон бүсэд мал орсноос 28 сая төгрөгийн хохирол учирсан байна. Иймээс мал бүхий иргэдийг тог цахилгаанд холбогдсон тусгайлан төлөвлөсөн газарт нүүлгэхээр төлөвлөн холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд иргэдийгээ хамтран ажиллахыг уриалж байгаа юм.