|

Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

Өнгөрсөн онд эдийн засаг 3.8 хувийн өсөлттэй гарчээ

 

Өнгөрсөн он эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байлаа. Үүний дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ.

Эдийн засгийн өсөлтийг салбараар нь үзвэл хөдөө аж ахуй 4.4, үйлчилгээ 8.5 хувь өсөхөөр байна. Нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж байгаа ч Оюутолгойн баяжмалын хэмжээ болон түүнд агуулагдах зэс, алтны хэмжээ буурснаас уул уурхайн салбар өнгөрсөн онд 7.8 хувиар буурсан дүн гарчээ.

Өнгөрсөн онд экспортын хэмжээ анх удаа зургаан тэрбум ам.доллар давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.доллар ашигтай гарсан байна. Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрчээ.

Засгийн газар Төрийн сангаас гадуурх төсвийн байгууллагуудын данс болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн дансыг хааж Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж байна. Мөн Монголбанкнаас Төрийн сангийн төррөгийн харилцах дансны үлдэгдэлд хүү тооцож олгох, Засгийн газраас валютын эх үүсвэрээ зөвхөн Монголбанкинд худалдах гэрээ байгуулжээ.

Түүнчлэн өндөр хүүтэй дотоодын үнэт цаасны арилжааг зогсоох, буцаан худалдан авах зэрэг өрийн зохицуулалт хийснээр ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 119 тэрбум төгрөгөөр багасгаж, дотоод үнэт цаасны өрийн үлдэгдлийг бууруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.