Гэр хорооллын утаан дунд явж байна гэнэ. Түүнийг дагалдагсад олон. Гэвч үнэнийг хэлчих нь ховор. Утаатай танилцаж яваа хүнийг угаартуулчихвал уг нь хор хөнөөлийг нь илүү мэдэрнэ шүү дээ. Гэтэл гишүүнийхээ эрүүл мэндийг хайрласан нөхөд утаа багатай газраар дагуулж явж намын харъяалалттай ганц нэг айлаараа оруулж зураг эн тэрийг нь цахимаар цацаад л "Манай гишүүн гэр хорооллын утаатай тэмцэж байна " гэх сүржин гарчигтай сүргүйхэн мэдээлэл цацана. Мөн утааг арилгах судалгаа хийж байна гэнэ. Тэр судалгаа нь хавар дуусна биз. Гишүүн нь төрийн ордондоо очоод гэр хорооллын утаан дунд явсанаа дайны улаан шугаманд яваад ирсэн мэт сенсаац дэгдээгээд л өнгөрнө.
Нэгэн их хурлын гишүүн үнийн хөөрөгдлөөр иргэдтэй уулзаж явна гэнэ. Төмс талхныхаа үнийг мэдэхгүй тэр нөхөр граммлаж амьдардаг иргэдийн балга усны үнэ цэнийг мэдэхгүй шүү дээ. Шатахууны үнэ өсчлөө буулгана гэж худлаа хэлээд үнэ нэмэгдсэн 18 нэр төрлийн барааг жижиглэнгээр худалдан авч амиа зогоодог юм шиг жүжиглэнэ. Тэгээд шатахууны үнэ битгий хэл шалдан гуяны ч үнэ буулгаж чадахгүй өггөрнө.
Нэгэн их хурлын гишүүн
Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдийн үг үсгийн алдаатай сурах бичгийг гартаа барьчихаад боловсролын талаар найруулгын алдаатай ярина. Түүнийгээ их том ажилд тооцдог ч үнэн чанартаа өөрийнхөө хүүхдийг хувийн сургууль цэцэрлэгээр явуулж улсын сургууль, цэцэрлэгийн үл тооно.
Нэгэн их хурлын гишүүн
Өвс ачиж байгаа машины дэргэд зурагаа татуулна. Тэр машин зудтай сумыг зорьж зутарч явахад мань гишүүн дулаан өрөөндөө тухлаад цаасан дээр боодол боодол өвсний тоог үржүүлж ажлынхаа тайлаг гаргуулж оны алдартанаар тодорно.
Нэгэн их хурлын гишүүнийг нийтээр нь үржүүүлэхэд 76 гарна. Тэр 76 хийх ажилгүй, хүсэл тэмүүлэлгүй, эрдэмтдийн үгийг сонсдоггүй, эгэл амьдралыг судалдаггүй, цүнхэндээ юу байгааг мэддэггүй, хаадын гэрээслэлийг ухаардаггүй, халтар жаалын мөрөөдлийг сонсдоггүй болоод цэрд гэж хэлэгдэж бэрд гэж дуудуулж ор дэрний ховонд хутгалдаж, орон шоронгийн гэмтэн гэж чичлүүлж яваа. Нэгэн их хурлын гишүүн дөрвөн жилд л амжиж баяжих гэж дөргүй бух шиг зүтгэнэ.
Ваня Нэргүй