|

Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр хийгээд Монгол Улс Европын холбооны "хар жагсаалт"-аас гарсан долоо хоног

 

 

Өнгөрч байгаа долоо хоног нийгэм болоод улстөрийн хүрээнд нилээдгүй доргионтой өнгөрч байна. Тоймлон хүргэхэд дотооддоо нефвь боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг засгийн газар энэ оны хоёрдугаар улиралаас эхлэх шийдвэр гаргасан юм. Идэр есийн хүйтэн хацар хайрах жаврыг үл хайрхран багш нар ОУВС-ын бие төлөөлөгч ирсэнтэй холбогдуулан цалингаа нэмэхийг эргэж харахыг шаардаж байрных нь үүдэнд жагсаал хийлээ. Харин Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн тансаглал сошиал ертөнцөөр нилээдгүй шүүмжлэл хүртсэн бөгөөд тэрээр харин энэ байх ёстой мэтээр тайлбар өгсөн нь иргэдийн дургүйцлийг улам ихээр хүргэж орхисон юм. 

 

 

Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа

Шатахуун импортлогчид хомсдол үүссэн гэж шатахуунаа хязгаарлаж, зарим газрууд нь зөвхөн карттай хүмүүст үйлчилж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Энэ нь нэгдүгээр сарын нэгнээс эхлэн онцгой албан татвар нэмсэнтэй холбогдуулан нефть импортлогчдын төрдөө барьсан арга хэмжээ байсан гэж харах нэгэн байхад төрөөс шантааж хийгээд сурчихсан компаниудын увайгүй үйлдэл гэж харах нэгэн ч байсан юм.

 

Харин энэ үеэр засгийн газар шуурхай хуралдаж, шийдвэрт хүрсэн. Ингэхдээ шатахууны үнийг нэмүүлэхгүй, мөн АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан билээ. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих, Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх аж. 

 

Мөн түүнчлэн Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.

 

Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм.

 

АНУ-д улирлын чанартай H-2 ангиллын визээр зорчихоор боллоо

Мөн өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал нь АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай үйл явдал байв. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг.  Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхлэх аж.

 

Монгол Улсыг  Европын холбооны хар жагсаалтаас гаргалаа 

Монгол Улс Европын холбооны хар жагсаалтаас гарсан тухай сайн мэдээтэй өнгөрсөн долоо хоногийг дуусгаж байна. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Брюссель хотноо хуралдаж, "татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэв. Ийнхүү Монгол улс хар жагсаалтад орсноосоо хоёр сарын дараа гарч байгаа нь энэ сануулгын араас манай холбогдох яам  байгууллагынхан  санаачлагатай ажилласаны үр дүн юм. 

 

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Мөн өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг нь жилийн жилд асуудал дагуулдаг өвлийн морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар хориглосон явдал. Энэхүү хугацаа нь хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна.

Мөн түүнчлэн хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгов.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн төлөөлөлтэй уулзлаа

Олон улсын валютын сангийн төлөөлөл Монголд ирээд байгаа.  Тус сангийн  төлөөлөгчидтэй Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уулзсан юм. Энэхүү уулзалтанд иргэд нэлээд ач холбогдол өгч байгаа. Учир нь энэ удаагийн уулзалтаар  хүн амын орлогын албан татварыг шатлалтай нэмэгдүүлсэн болон тэтгэврийн насны хязгаарыг цаашлуулсан зэрэг асуудлыг эргэн харж тохиролцохоор  зорьж байгаа юм.

Энэ талаар Сангийн сайд өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм. Уулзалт одоо Сангийн яаманд үргэлжилж байгаа бөгөөд  энэ үеэр ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдснаас хойш эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлт, цаашид хийх ажлуудыг хэлэлцэх ажээ.