Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой хэл ам тасрах шинж алга. Сайдаар томилогдонгуутаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай "заамдалцаад” авсан. Дараа нь ШШГЕГ-ын хөрөнгөөс 360 сая төгрөг гаргуулж тусгай тоноглолтой "Лексус-570” машин авч унасан дуулианд холбогдсон.
Тэгвэл хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан.
Тодруулбал, түүнд ТЕГ, УЕПГ-аас улсын нууц задруулсан хэргээр ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байна. Харин чухам ямар асуудлаар ийн шалгах гэж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Ц.Нямдорж сайдын хувьд "Эрдэнэт үйлдвэр”, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд зүйлийг ярьдаг. Өөртэй нь холбоотой янз бүрийн дуулиан шуугиан гарах бүрт "… Эдгээр асуудлаас болж намайг оролдоод байгаа юм” гэж тайлбарладаг юм.
Бид энэ талаар ТЕГ-аас тодруулах гэсэн боловч албан ёсны мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Харин УЕПГ-ын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Гэхдээ аль аль нь "…Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгээгүй, түүнийг шалгаагүй” гэж үгүйсгэсэн хариулт хэлэхгүй байгаа юм.
Харин эрхэм сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх ТЕГ, түүнд хяналт тавин ажиллаж байгаа УЕПГ-ын ажилтан, албан хаагчид энэ талаар ил гарч, ярихыг хүсэхгүй байгаа нь харагдаж байв.
П.Мандах
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин