|

ӨВЛИЙН ОЛИМПИЙН XXIII НААДМЫН ХААЛТЫН ЁСЛОЛ БОЛЛОО

 ӨВЛИЙН ОЛИМПИЙН XXIII НААДМЫН ХААЛТЫН ЁСЛОЛ БОЛЛОО
ПЁНЧАН. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслол 35 мянган хүний суудалтай "Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д болж өнгөрлөө.

Энэ жилийн өвлийн олимпийн наадамд 92 улс орны 2925 тамирчин оролцсоноос Малайз, Сингапур, Эквадор, Эритрей, Нигер болон Косово улсын тамирчид анх удаа оролцсон юм. Пёнчаны өвлийн олимпийн наадамд нийт 29 улсын баг тамирчид медаль хүртжээ.

Тухайлбал, Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор медалийн тоо болон чанараар тэргүүлсэн юм. Харин Герман улс нийт 31 медаль хүртэж, жагсаалтын хоёрдугаар байрт жагссан юм. Германы араас Канад, АНУ болон Нидерланд улс чансаагаараа эхний таван байрт жагсжээ. Олимпийн наадмыг зохион байгуулагч орон "Пёнчан-2018” олимпоос найман алтан медаль хүртэх буюу багийн дүнгээрээ эхний дөрөвт орох зорилт тавиад байсан бол тоглолтын эцэст нийт 5 алтан медаль хүртэж чансаагаараа долдугаар байрт жагссан байна. Харин жагсаалтын 15 дугаар байрт бичигдэж байсан ОХУ-ын баг тамирчид өнөөдөр дахин нэг алтан медаль хүртсэнээр 13 дугаар байрт шилжиж нийт 17 медальтайгаар наадмыг өндөрлүүлсэн байна.

Хаалтын ёслолын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах "Спорт дэлхий даяарх хүмүүсийг хэрхэн нэгтгэж чаддагийг 17 хоног үргэлжилсэн олимпийн наадамд бид харууллаа. Үнэнч шударгаар өрсөлдсөн тамирчиддаа баярлалаа. Та бүхэн бол бидний үзэл санааг өөдрөг байлгадаг хамгийн сайн элчүүд юм” гэж хэлжээ. Мөн тэрбээр өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөж байгааг мэдэгдсэн байна.

Түүнчлэн хаалтын ёслолын үеэр Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах  олимпийн далбааг Бээжин хотын дарга Чэнь Зининд дамжуулан өгсөн байна. Өвлийн олимпийн XXIV наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотод болох юм.
Э.Аянзаяа