Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүд болон Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн удирдлагууд, техникийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жавхлан урилгаар оролцож аймагт хэрэгжиж байгаа төслүүдийн талаарх мэдээллийг сонсож харилцан санал солилцсон юм. Дархан суманд жилдээ 47,5 мянган тн хог хаягдал ялгардаг бөгөөд гэр хорооллоос гарч буй хог хаягдлын 80 гаруй хувь, нийт хог хаягдлын 56%-ийг тус тус дахин боловсруулах боломжтой ажээ. Иймд энэхүү хуурай хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шатааж эрчим хүч, дулаан гарган авахад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлагууд хүслээ.
Мөн уулзалтын үеэр "Эко нойл” төслийг танилцуулсан бөгөөд зах зээлийн үнээс 800.000 мянган төгрөгөөр хямд үнээр эко нойл үйлдвэрлэж аймгийн иргэд төдийгүй төвийн бүсдээ нийлүүлэх боломж, хүчин чадал байгаа талаар танилцууллаа. Хуурай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, Эко нойл байгуулах төслийг уялдуулан хэрэгжүүлвэл хөрс, усны бохирдлыг бууруулах, Хараа голын усны чанарыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах гээд олон давуу талтайг аймгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны төлөөллүүдэд танилцуулаад дээрх 2 төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан АХБ-ны санхүүжилтээр Дархан-Уул аймагт Эко сургууль байгуулагдах гэж буй талаарх мэдээллийг өгсөн юм гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.