Алс холын Арабын нэгдсэн Эмират улсад зурагдаж байсан Дубайн гэрээний алдаа, онооны автор нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн багийнхан. 2015 оны тавдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлаад Чингис хаан олон улсын нисэх буудалд буухдаа хэвлэлийн бага хурал зарлаж байв.
Тэрээр "Айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” хэмээж байв.
Мөн Монголд өгөх үр өгөөжийн талаар "Оюутолгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйл хэлье. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудал аль аль талаасаа тавигдаагүй. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэж тохиролцсон. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, "Рио тинто”-гийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичиг дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн” гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн байдаг.
С.Ганбаатар: ГЭРЭЭГ СУДЛАХЫГ САНУУЛЖ БАЙСАН
Тухайн үед нэр бүхий УИХ-ын гишүүд, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл болон МАН-аас Ажлын хэсэг гарч Дубайн гэрээг Монголын талд ашиггүй хэмээн эсэргүүцэж байсан удаатай. Мөн одоогийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлдэг.
2015 оны тавдугаар сарын 21-нд одоогийн МАХН-ын дэд дарга С.Ганбаатар УИХ-ын гишүүн байхдаа Дубайн гэрээний талаар "Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ ажил урагшлуулсан бус ухраасан зүйл болсон. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татварт ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна. Гэрээ нь хэрэгжиж эхэлбэл "Рио Тинто” хөрөнгө оруулагч биш зээл зуучлагчийн үүргээ биелүүлж,Монголын ирээдүй давхар өр, зээлийн барьцаанд орно. Гэрээг хийгдэхээс өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлж, "Гарын үсэг зурах гэж буй гэрээгээ сайн судалж үзнэ үү” хэмээн хүсч байсан” гэж байв.
С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН, Б.АРИУНСАН, Г.АМАРБАТ НАРЫГ БАРИВЧЛАВ
Тэгвэл өнөөдөр Оюутолгой, Дубайн гэрээний асуудал сөхөгдөж тухайн үед хариуцлагатай алба хашиж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ. АТГ-аас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг саатууллаа. Мөн "Стандарт” банкнаас "Жаст” ХХК зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгтэй холбогдуулж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг баривчилсан байна. АТГ-аас өчигдөр албан ёсны мэдээлэл өгөхдөө "Оюутолгойн төсөлтэй холбогдуулж "Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт нэр бүхий хүмүүсийг сэжигтнээр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж үзэж саналаа Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн. Мөн цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад байгаа. Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн. Монголд ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна” гэлээ. Энэ мэдээллийн дараа Нийслэлийн прокурорын газраас "АТГ-аас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Г.Амарбат нарыг яллагдагчаар татах хүсэлт ирүүлсэн. Хэргийн материалтай танилцаж байна” гэх мэдээллийг өгсөн юм.
ХОЁРДУГААР ХҮМҮҮСИЙН БАРИВЧИЛГАА
АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хэд хоногийн өмнө Ерөнхий сайд асан С.Баярыг дуудаж байцаасан. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж эхэлсэн талаар өчигдөр мэдэгдсэн юм. Томоохон стратегийн ордыг ашиглахтай холбоотой гэрээг хийхдээ хууль зөрчсөн хэргийн мөрөөр хууль хяналтынхан орсон ч одоохондоо жинхэнэ эздэд нь "хүрч” чадаагүй л байна. Учир нь Оюутолгойн гэрээний гол автор С.Баярын үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг баривчилж яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ. Мөн Арабт айлчлахдаа Дубайн гэрээг зураад ирсэн Ч.Сайханбилэгийг биш "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг уржигдар баривчиллаа. Б.Бямбасайхан "Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дубайн гэрээнд биечлэн гарын үсэг зурсан юм. Ийнхүү олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийн хоёрдугаар албан тушаалын хүмүүсийг саатууллаа. Харин хэзээ Б.Бямбасайханаар дамжуулж Ч.Сайханбилэгт, С.Баярцогтоор дамжуулж С.Баярт хүрэх бол. АТГ-аас мэдээлсэнээр Ч.Сайханбилэг зарлан дуудах хуудсаар ирэхгүй бол Интерполоор эрэн сурвалжилна гэлээ.
ОЮУНТОЛГОЙН ГЭРЭЭГ ШАЛГАЖ ЦЭГ ТАВИХ ЦАГ БОЛСОН
Монголын эдийн засгийг тэтгэх томоохон ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашиггүй болсон гэдгийг улс төрийн хүрээнийхэн болоод учир мэдэх хүмүүс хэлж, ярьсаар ирсэн. Зарим улс төрийн намууд ч шалгаж үнэн зөвийг тогтоохыг удаа дараа шаардаж байгаа юм. Тэгвэл олон жил дамнан алдаатай, оноотой гэж яригдсан Оюутолгойн гэрээг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн нь олон нийтэд ихээхэн хүлээлт үүсгээд байна.Гагцхүү зурагдсан цагаасаа хойш ашиггүй, өгөөжгүй гэгдэж олныг талцуулсан Оюутолгойн гэрээг энэ удаа нэг мөсөн эцэслэж, буруутай этгээдүүд байдаг бол хариуцлага хүлээлгэх цаг нь нэгэнт болсныг нийгэм шаардаж байна. Тиймээс Монголын стратегийн томоохон орд, ард түмний өмч байх учиртай асуудалд одоо л цэг тавьж, нэг мөр дуусгаж чадахгүй бол дараа хэзээ ч үр дүн гарахгүй байж мэднэ. Магадгүй гэрээний хугацаа дуусч, цаасан дээрх тоо, тамга хүчингүй болсон цагт л үлгэр дуусах биз. Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2009 онд "Оюутолгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Шалгалтын мөрөөр гэрээг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан С.Баяраас эхлүүлээд гар бие оролцсон хариуцлагатай албан тушаалтнуудыг байцааж эхэллээ.
Эх сурвалж: "Зууны мэдэээ” сонин
С.УЯНГА