|

“Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо

“Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо

 

Монгол Улсын хойт хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс – "Алтанбулаг” 2014 онд нээгдэж, 2016 онд "Алтанбулаг Экспо” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж байсан бол сүүлийн үед үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нэлээд анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албасанаачлан Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран  Монгол, Оросын ажил хэргийн уулзалтыг "Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгууллаа.

Уулзалтад ОХУ-ын Буриадын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих "Алс Дорнод” агентлагийн төлөөлөгчид, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул, Монголтой олон жилийн уламжлалт харилцаатай Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, "Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл урилгаар оролцов.

Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Шадар сайдын Ажлын албаны дарга, зөвлөхүүд, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, Хил хамгаалах болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консул, "Алтанбулаг” чөлөөт бүсийн удирдлага багтаж ажиллав.

Ажил хэргийн уулзалтаар "Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ойрын зорилт, хэтийн төлөв болон хөрөнгө оруулагчид, худалдаачид ямар давуу тал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Мөн Монголын талаас Ази,Европыг холбох олон улсын AH3 ангиллын хурдны авто зам, төмөр замын төв коридор зэрэг дэд бүтцийн томоохон төслийн маршрут "Алтанбулаг” чөлөөт бүсээр дамжин өнгөрөх давуу талуудыг оросын төлөөлөгчдөд тайлбарлахын сацуу тус чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл бараа, бүтээгдэхүүнээ Made in Mongolia шошготойгоор Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Европын холбоо болон Японы зах зээлд нэн тааламжтай нөхцлөөр экспортлох боломжийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн "Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ОХУ-ын Хиагт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайлбал, тус бүсэд нэвтрэх тусгай гарц нээх, мөн Монгол-Оросын хамтарсан тээвэр, ложистикийн төвийг Алтанбулагт байгуулахад хамтран ажиллах санал тавьсныг ОХУ-ын төлөөлөгчид хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын явцад Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын орчин, тус аймаг, "Алтанбулаг” чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа мэдээлэл хийв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.