|

Б.Булганд хилийн хориг тавьжээ

Б.Булганд хилийн хориг тавьжээ

 

ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ТАВАН ХҮН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн, анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ. Тус сонгон шалгаруулалтын анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өчигдөр эхэллээ. Энэ удаагийнх ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын, хэрэглээний программ ашиглах чадварын шалгалтаар үргэлжлэх юм байна. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болох юм. Энэ удаад Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо- Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд Ш.Бат-Эрдэнэ, Н.Болормаа, Т.Өсөхбаяр нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЭРГЭЖ ХАРАХ НЬ

Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч гэгдэж байсан Б.Булганыг Тагнуулын ерөнхий газраас яллагдагчаар татсан нь саяхан. Тэрбээр нууцын материалд гарын үсэг зурсан хэмээн хэвлэлийнхэнд хэлж байсан ч удалгүй ТЕГ- аас албан ёсны мэдээлэл хийж, түүнийг яллагдагчаар татсанаа дуулгасан юм. Энэ удаад түүнд хилийн хориг тавьж, өдөр бүр ирж бүртгүүлж байна гэсэн болзолтойгоор саатуулаагүй байна. 19 жилийн турш гэрчээр байцаасан түүнийг гэнэт яллагдагчаар татсан нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаад байна. Тагнуул, цагдаагийнхны хамтарсан ажлын хэсгээс С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах үйл ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтын дагуу хамтран амьдрагч Б.Булганыг ялгагдагчаар татсанаа мэдэгдсэн. Нэг үгээр бол, Б.Булганыг оролцоотойг холбогдох албаныхан үгүйсгээгүй юм. Ямартай ч, эл хэрэгт шинэ нөхцөл байдал илэрснээр анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг эргэн харж таарах нь.

ХАР ТАМХИ БИЕДЭЭ АВЧ ЯВСАН ДӨРВӨН ИРГЭНИЙГ СААТУУЛЛАА

Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх газрынхан гааль болон МХЕГ-тай хамтран "Бодис-2018” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт хийх үеэр биедээ их хэмжээний мансууруулах төрлийн бодис буюу "мөс” нуусан дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр дөрвөн иргэний нэг нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл байжээ. Тэрбээр их хэмжээний "мөс”- ийг биедээ нуусан байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан байна. Г.Сарангэрэл өмнө нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар авч явсан, хэрэглэсэн хэрэгтээ шүүхээс ял сонсч байсан билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 17- ноос дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэлх нэг сарын хугацаанд зохион байгуулсан "Бодис-2018” арга хэмжээний хүрээнд Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах төрлийн бодис хилээр оруулж борлуулдаг 20 гаруй хүнийг саатуулан шалгаж, энэ төрлийн 61 хэрэгт холбогдсон 132 хүнийг мөрдөн байцаасан байна.

Гаалийн байцаагчид авлига, хээл хахууль авснаа хүлээн зөвшөөрсөнгүй

Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Энхбаяр 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн болоод олны анхаарал татсан хэргийн талаар хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн жилд Гааль татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь гаалийн байцаагч нарт холбогдох авлига, хээл хахуулийн хэрэг олны анхаарлын төвд байсан юм. Нийт 36 байцаагч албан тушаалын байдлаа ашиглан иргэдээс хахууль авсныг тогтоосон бөгөөд тэдгээрийн дийлэнхэд анхан шатны шүүхээс 5-6,6 жилийн хорих ял оноосон. Харин гаалийн байцаагчид анхан шатны шүүхээс гаргасан уг шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдсан ч ялыг хэвээр үлдээсэн тул өдгөө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албанд гомдол гаргажээ. 2017 онд шийдвэрлэсэн уг хэргийн маргаан хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа юм.

40 ТОННЫ ЧИНГЭЛЭГ АВТОМАШИН ДЭЭР УНАЖ, ОЛОН ХҮНИЙГ ГЭМТЭЭСЭН ХЭРГИЙГ ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Сонгинохайрхан дүүрэгт 2017 оны долоодугаар сард 40 тонны чингэлэг автомашин дээр унаж олон хүнийг гэмтээсэн хэргийг 2018 оны нэгдүгээр сарын 9-нд анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. Үүнд, автомашины жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил, хоёр сараар йхасч, хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нийт хохирол болох 19 сая төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын үндсэн дээр нэхэмжлэх эрхтэйгээр анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Ц.ОЮУНЧИМЭГ: ХҮНИЙ АМЬ, ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ИХЭЭР ГАРАХ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүрэг 315 мянган хүн амтай. Хүн амын тооноос хамаараад гэмт хэрэг үйлдэх нь их байдгийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг хэлж байлаа. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 461 эрүүгийн хэрэг хүлээж авснаас 64-ийг нь прокурорт буцааж, 341 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. 2017 оны арванхоёрдугаар сарын 25- наас 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар тус шүүх нь хүний амийг хөнөөх гэмт хэрэг 25, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан 18, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 35, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 12, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн 39, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан 3, хүчирхийллийн 13 хэргийг хянан шийдвэрлэжээ. Дүгнэж хэлэхэд, тус дүүрэгт хүний амь хөнөөх, хүчирхийлэл болоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих гэмт хэргийг ихээр үйлдэж байна" гэлээ.

У.ОРХОН