Олон улсын валютын сан болон Дэлхийн банк эдийн засгийн байдлыг үнэлдэг хоёр жил тутамд нэг удаа болдог уулзалтаа хийлээ. Улс орнуудын Сангийн сайдууд, Төвбанкны тэргүүн нарын оролцсон энэ уулзалтаар дэлхийн эдийн засагт "худалдааны асуудал" хамгийн том эрсдэл болж байгааг онцолсон байна. Улс орнуудын Төв банкнуудын удирдлага, дэлхийн эдийн засгийн төлөв эерэг байгаа ч улс орнууд "Татварын бодлогоо чангатгах нь инфляцыг өдөөх эрсдэлтэй. Гэхдээ үүнээс илүү худалдааны дайн эдийн засагт хор хөнөөлтэй" гэсэн байр суурьд нэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-аас авах ган, хөнгөн цагаан зэрэг 150 тэрбум ам.доллараар хэмжигдэх импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа мэдэгдээд байна.
АНУ, БНХАУ харилцан импортын татвараа нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа нь олон улсад сөргөөр нөлөөлж байгаагаас гадна "худалдааны дайн" дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Олон улсын байр суурийг харвал Колумб улсын Төв банкны Ерөнхийлөгч "Худалдааны дайн нь маш хор хөнөөлтэй" гэж мэдэгдсэн бол Парагвай, Япон улсын Төв банкны тэргүүнүүд протекционист бодлогыг "Бүх талуудад ашиггүй, таагүй үр дүн бий болгоно" гэж онцолжээ. Олон Улсын Валютын Сан 2018 болон 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.9 хувьд хэвээр үлдээгээд байгаа нь 2011 оноос хойш эдийн засаг хамгийн өндөр, өргөн цар хүрээтэйгээр тэлэх үзүүлэлт болж байгаа юм.
Б.Саруул