УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт сонгуулийн сунгаа хэдийнээ эхэлжээ. Тус аймаг нийт 91093 хүн амтай, үүний 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг аж. Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн дөрвөн сум, 24 багтай, сонгуулийн томоохон тойрог юм.
Залуучуудын гэх тодотголтой Дархан хот анх Монгол Улс парламентын засаглалтай болоход гурван тойрогт хуваагдсан. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 19 дүгээр тойрог буюу хоёр мандаттай болсон юм.
Дарханчууд 1992 оны сонгуулиар МАХН-ын нэр дэвшигч Н.Жанцанноров, Ч.Баянжаргал, Ж.Жадамбааг сонгосон байна. Гэхдээ нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тухайн үед "Энэ миний байх газар биш байна” гээд гуравхан сарын дараа саналаараа огцорч, парламентад байж болох улс төрийн болон хувь хүний ёс зүйн соёлыг харуулсан түүх бий. Харин түүний оронд нөхөн сонгууль явуулаагүй. Учир нь пропорциональ системээр явагдаж байсан сонгууль тул дараагийн хүн буюу Монголын үндэсний ардчилсан намын нэр дэвшигч Т.Эрдэнэбилэг парламентын гишүүн болж байлаа.
Дархан-Уул аймгийн хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг
1996-2000 онд тэд дан ганц Ардчилсан холбоо эвслийг дэмжихээр шийдэж байлаа. Энэ сонгуулиар Т.Эрдэнэбилэг, М.Чимидцэрэн, Ш.Батбаярыг тус тус сонгон парламентад суулгасан байна. Харин 2000 оны сонгуулиар МАХН буюу одоогийн МАН-д 100 хувь итгэл хүлээлгэсэн. Мөн дараагийн сонгууль буюу 2004 оны зун санал эргэж, тус тойргийг "Эх орон-Ардчилал” эвслийнхэн УИХ-д төлөөлөх болсон юм.
2008 онд дарханчуудын сонголт солонгорсон. Өөрөөр хэлбэл, МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшиж байсан Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар болон Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Гансүхэд итгэл хүлээлгэсэн юм. 2012 оны Сонгуулийн тухай хуулиар хоёр тойрогтой болж, өрсөлдөөнд хоёр том намаас гадна бие даан нэр дэвшигч С.Ганбаатар оролцож, ялалт байгуулсан. Түүнтэй хамт дарханчуудыг УИХ-д төлөөлөх үүргийг МАН-ын нэр дэвшигч Д.Хаянхярваа хүлээсэн билээ.
Бие даагч С.Ганбаатар одоо шинэхэн намын дарга болчихсон. Хөдөлмөрийн үндэсний намын хувьд түүнийг урдаа барьж, тойргоос нэг суудал авснаар намын нэрээр авсан суудлаа баталгаажуулна гэж тооцож байгаа. Харин С.Ганбаатар гишүүн ярилцлагадаа намын даргын хувьд жагсаалтад орохыг үгүйсгэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн.
МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас гадна Монгол банкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан өрсөлдөх гэж байгаа. Түүний хувьд мөнгөний бодлого, төгрөгийн ханшны төлөө толгой гашилгахын хажуугаар төрсөн нутаг болох Сүхбаатарыг хэсэгтээ эргэж, томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсан. Гэхдээ ажлаа өгсөн даруйдаа тойргоо өөрчилж, Дарханыг "онилсон” юм. Тойрог солих болсон шалтгааныг Засаг дарга Ж.Батсуурьтай холбон тайлбарлаж байгаа.
Харин Ардчилсан намаас дарханчуудыг УИХ-д хоёронтаа төлөөлж байсан Л.Гансүх Ерөнхий сайдын зөвлөх байхдаа баривчлагдан улмаар ял аван шоронд сууж байгаа. Иймээс ах, дүү Дашуудаас нэг нь дэвшиж таарна гэцгээж байна. Урьдчилсан байдлаар Н.Мөнхдаш нэр дэвших бэлтгэлдээ хэдийнээ гарсан. Гэхдээ түүнтэй зуузай нийлүүлэх намын нөхөр хэн байх нь одоогоор тодорхойгүй гэнэ.
-
С.Ганбаатар гишүүн ярилцлагадаа намын даргын хувьд жагсаалтад орохыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-
МАН-аас гишүүн Д.Хаянхярваагаас гадна Монгол банкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан өрсөлдөх гэж байгаа.
-
МҮАН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил тус тойргийг "тойгложээ”.
-
2012 онд тус тойрогт МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, өвдөг шороодож байсан Б.Тулга дахин өрсөлдөх аж.
Парламентад цөөнгүй суудалтай улс төрийн гуравдагч хүчин болох МАХН-аас УИХ-ын гишүүн асан, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар сонгуульд хүч үзэхээр болжээ. Тэрбээр оны өмнө МАН-аас МАХН-ын гишүүн болж, бууриа сэлгэсэн юм. Түүнтэй хамт өнгөрсөн 2012 онд тус тойрогт МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс нэр дэвшин өвдөг шороодож байсан Б.Тулга өрсөлдөх аж. БСШУ-ы дэд сайдаар ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, МАХН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Тулга нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан залуу.
Гэхдээ "Шударга ёс” эвслийн бүлэг бус намаа төлөөлөн нэр дэвших юм байна. Учир нь МҮАН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил тус тойргийг "тойгложээ”. Түүний төрсөн ах М.Чимидцэрэн 1996-2000 оны сонгуульд Дарханаас сонгогдсон ч зуурдаар таалал төгсөж, тэрбээр 1998 оны УИХ-ын нөхөн сонгуульд хүч үзсэн ч, ялалт байгуулж чадаагүй. Үргэлжлүүлэн 2000 онд дахин нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн.
Харин 2004 оны сонгуулиар "Эх орон-Ардчилал” эвслээс парламентад сонгогдон ажиллаж байсан юм. Энэ хугацаанд Ардчилсан намын доторх хагаралдааны үр дүнд тэрбээр намын дарга М.Энхсайханыг даган Үндэсний шинэ намыг байгуулан, өрх тусгаарласан нэгэн.
Дашрамд дурдахад, өрсөлдөгчөө ялж чадах, эсэхээ бодитоор дүгнэсэн нэр дэвшигчид Дарханыг "онилдог”. Учир нь газар газрынхан "чуулсан” нутаг хэмээн үздэгтэй холбоотой юм.
Б.Даваатогтох