Хаврын улирал ирж төгсөгчдийн мөнгөн хонхны баяр шил шилээ даран болж байна. Харин төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутан, сурагчдын хамгийн түрүүнд очиж зураг хөргөө татуулдаг төв талбай тэдний хаясан архи пивоны шил, нэг удаагийн аяга, цэцгийн баглаа зэргээр чимэглэгдсээр байна.
Их эрдмийн үүд хаалгыг нээн орсон өдрөөс хойш даруй дөрвөн хавар, арван хаврыг гардаа орхиж их хэргийг бүтээх ирээдүйн эзэд маань эрдэм сурсаны баярын утгаа алдагдуулаад байх шиг. Уг нь бол эрдэм сурсаны баярыг багшдаа мөргөж багшийнхаа ачийг хариулах зэрэг гэгээлэг, сайхнаар тэмдэглэдэг байлтай. Гэтэл сүүлийн үед мөнгөн хонхны баяраараа идээний дээж хэмээн архи дарс ууж тэмдэглэх нь хэвийн үзэгдэл болж. Гэвч үүнээс гарах сөрөг үр дагавар нь үнэхээр аймшигтай.
Хонхны баяр нэртэй хавтгайрсан архидалт нь тэдний амьдралд арилхааргүй хар толбо болон үлдсэн гашуун жишээнүүд олон бий. Согтуурсан үедээ бие биенийхээ эрүүл мэнд амь насанд хохирол учруулж нэг нь шороонд, нөгөө нь шоронд орсон тохиолдол ч бий гэдгийг хүн бүр л мэддэг. Тэгсэн хэдий ч өнөөх архи хэмээх зүйл нь хонхны баярын гол идээ болсон хэвээр байна.
Уг нь сүүлийн хэдэн жил хавтгайрсан архидалтыг цэгцлэхийн тулд аялал зугаалганд явуулахгүй байх захирамж гарч байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсаар байгаа юм. Залуус хонхны баяраа тэмдэглэхдээ анги хамт олноороо хөдөө салхинд гарч хоёр, гурав хоног амралтын газар очдог болсон. Гэвч энэ нь байгалийн сайханд зугаалах бус эзгүй газар эцэг эхийн хараа хяналтаас хол архидах сайхан боломжийг бүрдүүлж өгдөг. Найр наадам болсон хойно нанчилдаангүй өнгөрдөггүй тул их бага хэмжээгээр заавал зодоон цохион хийдэг нь ч нууц биш. Энэ нь цаашлаад амьдралд нь мартахааргүй хар толбо болон үлдэх нь бий.
Гэвч ард нь үлдсэн эцэг эх нь үр хүүхдээ сургууль соёлоо төгсөж эрдэм номын бараа харсан тул баяр хөөр болон хонхны баярын зардлыг нь хуруу хумсаа хугалан байж олж өгдөг. Гэвч хүүхдүүд нь их эрдмийн баяраа архи уун хөлчүүрхэн тэмдэглэж байгаа нь юутай их харуусал вэ.
Амьдралд дөнгөж хөл гишгэх гэж буй залуус савнаасаа бусдыг дийлдэг араатан лугаа адил архийг юунд ингэн идээний дээж хэмээн "Эрдмийн баяр”-ынхаа гол идээ болгоно вэ.
Манай улсад оюутан байтугай цэцэрлэгийн жаалууд хүртэл төгсөлтийн баяр хийж зураг авахуулж, амттан идэж ангиараа тэмдэглэдэг хачин жигтэй жишиг тогтоод удаж байна. Цаашлаад тав, ес, арваннэгдүгээр ангийнхан төгсөлтийн баяраа нүсэр тэмдэглэх болж. Харин энэхүү баяраараа арай ч тавдугаар ангийхан уухгүй, харин нөгөөдүүл нь их хэргийн ард гарсан аятай гэнэн цайлган сурагчдад баймгүй авир гарган согтуурхдаг болжээ. Энэ бол хонхны баярыг заавал тэмдэглэх ёстой хэмээх туйлширсан үзэл нь туйлдаа хүрсэнийг харуулж буй хэрэг юм.
Хонхны баярыг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд хамгийн ихээр хямарч, тэдний гар дээрх мөнгө улам багасаж байгаа. Гэтэл хонхны баярт зарцуулах мөнгө нь улам л нэмэгдсээр байна. Боломжтой айлд бол хүүхдийнхээ хонхны баярыг тэмдэглэхэд гаргах мөнгө асуудал биш. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн амын дийлэнх олонх жирийн иргэдийн хувьд хонхны баяр эдийн засгийн дарамт, амаргүй даваа. Гэсэн ч аав, ээжүүд зээл авч, наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад баяраар хэрэглэх мөнгийг нь гаргасаар байна.
Б.Сансар
olloo.mn