|

АН-ынхны тавьсан өрөөр 1867 цэцэрлэг, 795 төрөх эмнэлэг барих байв

 

Булавч бултайна, даравч далдайна гэгчээр АН- ынхан засгийн эрх барьж байхдаа улсын төсөвт хэрхэн хайр найргүй загнаж байсан талаарх бодит мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд дэлгэлээ. Түүний өгсөн мэдээллээс харахад Монгол Улсын төсвийн хоёр жилийн орлоготой тэнцэх хэмжээний өрийг АН засаглаж байх хугацаандаа тавьж, ийм хэмжээний өрийг өвлүүлж үлдээсэн байх юм.

 

Энэ талаар нарийвчлан дурдахын өмнө АН-ынхны өнөөдрийн ааш аягийн талаар дурдах нь зүйтэй болов уу. Эдийн засагт бодит өсөлт гарч эхэлсэн, Засгийн газар мөнгөтэй болсон учраас хүүхэд бүрт мөнгө олгох, цаашлаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бүрэн боломж байна” хэмээн тэд ам уралдан ярьж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн. Эдийн засагт өсөлт гарч буй нь үнэн ч тэдний тавьсан үнэмлэхүй хэмжээний өрөнд Засгийн газар өнөөдөр ч дарлуулж буй нь бодит үнэн. МАН Засгийн газрыг тэргүүлэх болсноор ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан төдийгүй өнөөдрийн байдлаар эдийн засагт 5.3 хувийн өсөлт гарсан, гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэх эерэг дүн цөөнгүй гарсан. Гадна талдаа тоон үзүүлэлт сайн харагдаж байгаа ч 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхдаа маш их хэмжээний өр тавьсны горыг өнөөдөр ч амсч буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байна.

 

Энэ талаарх тоон мэдээллийг хүргэе. АН-ынхан дараагийн Засгийн газартаа дотоодын болон гаднын 440 тооны өрийн бичгийг үлдээжээ. Үүнээс дотоодын өрийг бичиг зургаан их наяд, гадаадад гаргасан арилжааны нөхцөлтэй үнэт цаасны өрийн бичиг найман их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа аж. Эдгээр зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхийн тулд Сангийн яам зарим өдөр 22 удаа гүйлгээ хийх тохиолдол ч гарч байгаа гэнэ. Үүнээс дурдвал "Дим сам” бондын нэг тэрбум, "Мазаалай” бондын 500 сая, "Чингис” бондын 1.5, "Гэрэгэ” бондын 800, "Хуралдай” бондын 600 сая, "Кредит свийс”- ын 250 сая ам.долларын өрийг 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм. Харамсалтай нь, улсын төсөвт төвлөрч буй орлогын дийлэнх хувиар эдгээр зээлийн хүү, үндсэн төлбөрийг бараг өдөр алгасахгүй төлж байгаа ажээ. Сангийн сайд энэ талаар хэлэхдээ "Богино хугацааны, өндөр хүүтэй өр ямар ч улсыг нурааж, төсвийн зардлыг хоосолдог. Ганцхан жишээ дурдахад, нийт ахмадуудад олгодогтой тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн хүүд төлж байна” гэсэн юм.

 

... Эдгээр зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөхийн тулд Сангийн яам зарим өдөр 22 удаа гүйлгээ хийх тохиолдол ч гарч байгаа гэнэ. Үүнээс дурдвал "Дим сам” бондын нэг тэрбум, "Мазаалай” бондын 500 сая, "Чингис” бондын 1.5, "Гэрэгэ” бондын 800, "Хуралдай” бондын 600 сая, "Кредит свийс”-ын 250 сая ам.долларын өрийг 2-5 жилийн хугацаатайгаар эргэж төлөх нөхцөлтэйгөөр авсан байх юм

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрийн байдлаар нийтдээ 2.8 их наяд төгрөгийн дотоодын өрийг төлж, барагдуулжээ. Үүнээс 2.4 нь үндсэн өр бол үлдсэн дөрвөн тэрбум нь хүү юм байна. Дотоодын зургаан их наяд төгрөгөөс 4.8 их наяд нь үндсэн өр бөгөөд үлдсэн 1.2 нь хүү. Харин цаашдаа 3.2 их наяд төгрөгийг төлж барагдуулахаар хүлээгдэж байна. АН-ынхан эдийн засгийн буруу бодлого явуулж, энэ их хэмжээний өрийг бий болгоогүй бол юу хийж болох байв.

 

Манай улсын тулгамдсан асуудлын нэгд зүй ёсоор тооцогддог цэцэрлэгийн тоог даруй 1867- гоор нэмэгдүүлэх боломжтой байв. Ингэхдээ нэг тус бүр нь 150 хүүхдийн ортой байх боломтой бөгөөд үүнд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Цаашилбал, 50 ортой төрөх эмнэлгийн тоог 795- аар нэмэгдүүлэхэд 3.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоог албаныхан хийжээ. Түүнчлэн тэтгэврийг 2.6 дахин нэмэгдүүлэхэд 1.7 их наяд, цалинг мөн хэмжээгээр нэмэгдүүлэхэд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар байжээ. Түүгээр ч барахгүй АН-ынхны шахаж шаардаад байгаачлан бүхэл бүтэн 10 жилийн турш хүүхэд бүрт мөнгө олгоход тэдний тавьсан зээлээс ердөө 273 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол байна. Та бидний ийм боломжийг АН засгийн эрхэнд байх үедээ 440 гаруй өрийн бичгээр хааж байсан үнэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэлгэсэн нь хэн бүхний анхаарлыг татаж байна. Өнгөрсөнд ийм дүртэй байсан атлаа АН-ынхан өнөөдөр хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр нэмэх шахалтыг Засгийн газарт үзүүлж байгаа нь үнэнд хэр нийцэх вэ. Тэд хэдийгээр энхийн цагаан тагтаа болохоор эрх баригчдыг шахамдуулж байгаа ч цагаан дээр хараар бичсэн тэдэнтэй холбогдох бараан түүхийг арилгаж болохгүйг энд сануулах нь зүйтэй болов уу.

 

Хамгийн харамсалтай нь, АН- ынхан энэ их хэмжээний мөнгийг юуны тулд авсан нь сонирхол татна. Эдийн засгийн буруу бодлогын гороор улсын төсөвт олон удаа тодотгол хийгээд зогсохгүй жил дараалан алдагдалтай гарч байсан учраас тэд энэ цоорхойг зээлээр төлөх "гайхалтай” шийдэл олсон нь өнөөдрийн улс орны хөгжилд ийнхүү чөдөр тушаа болж байна. Эцсийн дүндээ 2012-2016 онд АН-ынхны дур мэдэн авсан 14 их наяд төгрөгийн өр нь Монгол Улсын төсвийн хоёр жилийн орлоготой тэнцэж буйг зориуд цохон тэмдэглэе.

Эх сурвалж: М.Өнөржаргал  /Монголын үнэн/