Монгол Улсад эдийн засгийн чуулга уулзалт 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус чуулга уулзалт нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаараа онцлогтой тус чуулганы тэргүүлэх сэдэв, бодлогын асуудал нь яалт ч үгүй Хариуцлагатай уул уурхай, түүний хүртээмжтэй өсөлтийн талаар байв. Үнэндээ уул уурхайн салбар гэхээр газар шороогоо онгичоод хаячихдаг, нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй гэсэн ойлголт нийгэмд түгээмэл болж. Мэдээж энэ бол анхааруулга, сэрэмжлүүлэг. Иймээс үүнийг анхаарлын гадна орхигдуулж болохгүй.
Гэхдээ уул уурхайн салбарт хариуцлагатай ажилладаг, байгаль орчноо хамгаалдаг, нөхөн сэргээлт хийдэг, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа сайн жишээнүүд бас олон. "Бороо Гоулд”, "Эрдэнэт” гээд нийгмийн хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлдэг компаниудын жишээнд "Оюутолгой”, "Энержи Ресурс”, "Эрдэнэс Тавантолгой”, "Чинхуа МАК” гээд дэвшилтэт технологи ашиглаад хариуцлагатай уурхай эрхэлж байгаа олон уурхайг дурьдаж болно.
"Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулганы үеэр "Оюутолгой” компанийн захирал Т.Спонс "Би "Оюутолгой”-н гэр бүлийг төлөөлж байгаа хүн. Манай гэр бүлд 14 мянган хүн байдаг. Бид нягт хамтран ажилладаг. Төр, хувийн хэвшлийн амжилттай түншлэлийн сайн жишээ болж ажиллаж байгаа гэдэгтээ итгэдэг. Бид дэлхий дээр томоосоо гуравдугаарт орох уурхайг барьж байгуулж байна. Эхний ил уурхайн хэмжээ маань Төрийн ордон хамаарах Сүхбаатарын талбайгаас 17 дахин том зайнд ажиллаж байна. Харин гүний уурхай газрын түвшнээс 1300 км-ийн доошоо "Блю скай”-ын байшинг 12 давхарласантай адил. Тунелийн хэмжээ 200 км буюу Улаанбаатар-Дарханы хоорондох зай юм. Бид өдөр бүр 24 цагаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 7000 гаруй ажилтан хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Монгол Улсыг дэлхийд манлайлагч болгохын төлөө ажиллаж байна. Газрын доор 1.3 км-ийн аж үйлдвэрийн цогцолборыг бий болгосон. Дэлхийн хэмжээний том уурхайг бий болгосноор Монгол Улсын өрсөлдөх чадавхийг сайжруулна гэж харж байна. Монгол Улсын стратегийн хөгжлийн суурь нь Оюутолгой гэж харж байгаа. Бид эрдэм мэдлэгтэй, ур чадвартай ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байна” гэсэн.
Үнэндээ хариуцлагагүй уул уурхайн балгаар нутаг усаа ухуулахгүй, баялгаа ашиглуулахгүй гэх иргэд, орон нутгийнхны тэмцэл сүүлийн үед тасрахаа больсон. Уг нь уул уурхайн компаниуд маань хариуцлагатай ажиллаж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийж, тухайн нутаг орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдагсан бол уул уурхай гэдэг эсэргүүцэж тэмцэх биш, эвлэлдэн нэгдэж, хөгжих хамгийн чухал салбар юм. Тэр утгаараа хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээ болсон компаниуд, тэдгээрийн үйл ажиллагааг олонд таниулан сурталчилж, дэмжиж ажиллах нь төр засгийн болоод хэвлэл мэдээллийнхний тэргүүн үүргүүдийн нэг зайлшгүй байх ёстой билээ.
Монголын төрд 60 жилийн хугацаанд хийсэн хамгийн том дөрвөн гэрээ байдаг. Эхнийх нь 1949 оны төмөр замын гэрээ, Эрдэнэтийн, Монголросцветмент, тэгээд Оюутолгойн гэрээг нэрлэж болно. Эндээс ганцхан жишээ татахад, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот. "Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол Улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжсөн нь "Эрдэнэт” үйлдвэрийн буян.
Монгол Улс уул уурхайгаас шууд хамааралтай. Тийм ч учраас орон нутгийн хөгжил, хүн амынх нь амьжиргаа хийгээд, ажлын байрны гол үүсвэр нь уул уурхай гэхэд ч хилсдэхгүй.
Нэгэн үе орон нутгийнхан уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа явуулахад нь ихээхэн хүндрэл учруулж, дарамталдаг, мөнгө төгрөг нэхдэг, орон нутгийн захиргаанаас нь зөвшөөрөл олгодоггүй зэрэг асуудал байнга гаргадаг байлаа. Энэ тухай тус салбарын бизнес эрхлэгчид төрийн түшээдэд хандан гомдоллох нь цөөнгүй байв. Нөгөө талаар компаниудын зүгээс байгаль орчны менежмент хэрэгжүүлдэггүй, тайлан тэнцлээ үнэн зөвөөр гаргадаггүй, хүлээх хариуцлага сул, байгаль хамгаалах чиглэлд ямар ч ажил хийлгүй байгаль орчны байцаагчдыг нүд хуурсан бичиг цаасаар аргалж өнгөрөөх байдал газар авсан байсан. Харин төрийн хувьд хууль дүрмээ боловсронгуй болгож, чанд мөрдүүлэх, мөн аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөрсгөх талаас туйлын хангалтгүй ажиллаж ирсэн нь үнэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Засгийн газраас хариуцлагатай, ил тод уул уурхай, тэр тусмаа нөхөн сэргээлтийг сайн хийж, орон нутгийн хөгжилд анхаарлаа хандуулдаг хариуцлагатай компаниудыг бүрэн дэмжинэ. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахад томоохон нөлөө үзүүлсэн улсуудын нэг бол Канад юм. Тиймээс танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дараагийн төслүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлэх алхмыг тавина. "Аивенхоу Майнз”, "Эрдэнэ ресурс”, "Центерра гоулд”-ын төсөл дээр Засгийн газар болон яамны зүгээс анхаарч ажиллана” гэв.
Уул уурхай өндөр хөгжсөн орнуудын иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг боловсрол өндөр учраас хэл ам гараад байдаггүй, нөгөө талаар компаниуд нь үйл ажиллагаагаа эхнээс нь хуулийн хүрээнд олон нийтэд ил тод мэдээлэл өгч ажилладаг байна. Харин сүүлийн жилүүдэд манай томоохон аж ахуйн нэгжүүд байгаль орчны мэргэжилтэнтэй болж, томоохон компаниуд нь олон хүний бүрэлдэхүүнтэй газар, хэлтэс байгуулж ажиллаж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайн жишээ болсон "Спейшл Майнз” ХХК гэхэд л Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2013 оны есдүгээр сараас эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татан уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлж байгаатай очиж танилцсан юм.
Тус компани уул уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэсээ Монгол Улсын ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж одоог хүртэл хуулийн дагуу боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа аж. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд улс, орон нутгийн төсөвт нийт 3 тэрбум 577 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлснээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн нутгийн хөгжил, нутгийн иргэдийн боловсрол, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг харж болно. Жишээ татахад, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн засварын ажилд гэхэд 100 сая, Орон нутгийн хөгжлийг дэмжихэд 100 сая, 2018 онд тус аймгийн орон нутгийн байгаль орчин, хүн амд нөлөөлөх нөлөөллийг бууруулах болон орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан 200 сая төгрөгөөр тус тус дэмжиж ажилласан байна. Үүнээс гадна тус аймгийн Баян-Овоо сумын 1, 2 дугаар багийн нутагт шинээр гүүр барих ажилд 20 сая, Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажилд 20.5 сая, ЕБС-ын дотуур байрны дээврийн болон гадна талын засварын ажилд 38.9 сая, түүхэн болон соёлын өвийг хамгаалах, хариуцуулж өгсөн газарт тэмдэгжүүлэлт, хаягжуулалт хийхэд 890 мянган төгрөгийг тус тус хөрөнгө оруулан, дэмжиж ажиллажээ.
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нутаг орны хөгжилд туслахаас гадна ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг ч орхигдуулалгүй шийдсээр ирсэн нь үнэхээр сайшаалтай. Тус компани нийт 135 үндсэн ажилтантайгаас 96 нь Баянхонгор аймгийн харьяат иргэд гэж байгаа.
Тэднийгээ тогтмол ажлын байраар ханган, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн ажиллаж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр иржээ. Арга ч үгүй юм. Үндсэн ажилтнуудыг нь дагаад дам байдлаар 400-гаад өрхийн амьдралд бодит хувь нэмэр оруулж байгаа хэрэг шүү дээ. Тэрбайтугай Мандалхайрхан 1-р багийн иргэдийн бизнес, ажлыг дэмжих зорилгоор сүүлийн гурван жилийн хугацаанд 214 орчим сая төгрөгийн махны худалдан авалтыг хийгээд байгаа аж. Энэ мэтчилэн орон нутаг дахь уул уурхайн компаниуд хариуцлагыг нэгдүгээрт тавин, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу ажиллаж чадвал иргэдийн эсэргүүцэлтэй тулах биш, харин ч эсрэгээрээ хөгжлийн төлөө хамтдаа урагшлах хамгийн чухал гүүр гэдгийг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэгч "Спейшл Майнз” ХХК-ийн жишээ ийнхүү харуулж байна. Нэг үгээр, хариуцлагатай уул уурхай, хүртээмжтэй өсөлт нь олон олон Эрдэнэт хотыг босгох хөгжлийн нэг тулгуур багана байх нь гарцаагүй үнэн юм.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН