Италийн популист гэж тодорхойлох болсон шинэ засгийн газар Европт дүрвэгсдийг хүлээн авах асуудлыг зохицуулах Дублины гэрээнээс татгалзахыг санал болгоод байна. Түүгээр ч зогсохгүй Европт ирж байгаа цагаач дүрвэгсдийн асуудлыг шийдэхгүй бол Европын Холбооны гишүүн орнуудын иргэдэд харилцан визгүйгээр зорчих боломж олгодог Шенгений бүс аюулд орж мэдэхийг анхааруулсан байна.
Уг нь Дублины гэрээний дагуу цагаач дүрвэгч нь Европын Холбооны гишүүн аль орны нутаг дэвсгэрт түрүүлж хөл тавина. Тэр орноосоо дүрвэх зөвшөөрөл хүсэхээр заасан байгаа юм. Гэвч үүнийг хууль бус цагаач дүрвэгчид олноороо ирдгийн эсрэг хатуухан тэмцэхээ амлаж гарч ирсэн Италийн эрх баригч эвслийнхэн эсэргүүцэж байна.
Цагаач дүрвэгсдийн хямралыг ирэх 28-29 ны өдрүүдэд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ. Гэхдээ үүний өмнө Европын Холбооны гишүүн 28 орны 16 ийнх нь төр засгийн тэргүүн нар албан бус, шуурхай дээд уулзалтаараа энэ асуудлыг хэлэлцсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дээд уулзалтын дараа цагаачлалтай холбоотой асуудлыг Европын Холбооны гишүүн бүх гишүүн орон бус харин хариуцлага үүрч байгаа, хамтдаа шийдэл олохыг чармайж байгаа улс орнууд л зохицуулах боломж бий гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.
Түүний энэ мэдэгдэл болон албан бус дээд уулзалтад Польш, Унгар, Чех Словак гэсэн Вишеградын группийн орнуудын удирдагчид оролцохоос татгалзсан зэрэг нь цагаачлалтай холбоотой асуудлаар Европын Холбооны орнуудад том санал зөрөлдөөн бийг дахин баталлаа гэж ажиглагчдыг дүгнэхэд хүргэж байна. Ийнхүү Европын Холбоон дахь цагаачдын хямрал өнөөдөр улс төрийн хямрал болж хувирлаа хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдсэнтэй олон улсын шинжээчид санал нэгдэж байна.
Б.Энхтуяа