|

Шадар сайдад шатахууны үнэ нэмэгдсэнийг хэлээд өгөөч

Өнгөрсөн оны сүүлчээс олон нийтийн бухимдлыг сэдрээж, бүр тэмцэл жагсаал зохион байгуулахад хүргэсэн шатахууны үнийн өсөлт хаврын адагт арайхийж намжсан. Гэхдээ л 1600 төгрөг байсан АИ-92 бензин Цагаан сарын үеэр 1700 төгрөг болсныг бүгд тодхон санаж байгаа биз ээ. Харин Үндэсний уламжлалт баяраа тэмдэглэж байсан монголчууд төрийн энэ арга ядаж, гэтэж мярайсан шийдвэрийг тэгсхийгээд өнгөрөөсөн. Гэтэл зуны зугаалга, найр наадмын цаг эхлэхтэй зэрэгцэн нэг л өглөө бензиний үнэ дахиад нэмэгдсэн билээ.

Тодруулбал, энэ сарын 4-нд хамгийн түгээмэл хэрэглэгддэг АИ-92 бензинийг ШТС-ууд 1830 төгрөгөөр зарж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш үнийн өсөлт 200 гаруй төгрөгөөр өссөн. Үүнийг зөвхөн 200 төгрөгөөр хэмжвэл багахан санагдаж болох ч шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өртөг талийж өгдөг гаж зуршил өдгөө олны халаасыг тэмтрээд эхэллээ. Адаглаад, халтуурны таксичид бензиний үнэ өссөн гэдгээр шалтаглаж ганцаар яваа охид, бүсгүйчүүд, чадал буурай нэгэнд амандаа багтсан ханшийг хэлээд пээдийдэг болсон байна.

Наадмаар хурга гэмээр давжаа төлөг л 130 мянган төгрөгөөр үнэлэгдэж, Хүчит шонхор, Хар хорин зэрэг махны худалдаа төвлөрдөг захуудад үхрийн мах кг нь 7800 төгрөг болсон байхыг харвал мөнөөх 200 төгрөгийн өсөлт хэдэн мянга дахин хүнд даралтаар ард иргэдийг чилээж эхэлсэн нь үнэн ажээ. Гэтэл энэ их даралт төрийн томчуудад ерөөсөө ч мэдрэгдээгүй, тэд гаргасан шийдвэрийнхээ горыг амсдаггүй учраас импортлогчдын аманд багтсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн үгнээс харж болно.

Тодруулбал, өчигдөр түүнийг төв талбайд алхаж явахад нь иргэн Ж.Энхбат гэх залуу "Шадар сайд аа, шатахууны үнэ нэмэгдсэн талаар таны бодлыг сонсъё” гэхэд өөдөөс нь хээвнэг "Мэдэхгүй ээ” гэж хариулах юм. Улмаар түүнээс "Та Шадар сайд биз дээ. Арай шатахууны үнэ нэмэгдсэнийг мэдээгүй яваа юм биш биз дээ” гэхэд "Тийм” хэмээн хэнэг ч үгүй дуугарна билээ. Мэдээж Ө.Энхтүвшин төр засгийн шийдвэрийг мэдээгүй өнгөрнө гэж үгүй.

Гэхдээ тэрбээр жирийн иргэд буюу Монгол Улсын нийт хүн амын 95 хувьд шатахууны үнэ өссөн нь хэрхэн нөлөөлж буйг мэдэхгүй, мэдрээгүй нь ойлгомжтой харагдах аж. Тэгэхээр Шадар сайдтан хэзээ хамгийн сүүлд өөрийнхөө халааснаас мөнгө гаргаж, өөрийн биеэр бензин авсан бол. Мах, талхны үнэ нэмэгдчихсэн байсан ч энэ мэт эрхэмүүдэд хурууны үзүүрийн чинээ дарамт учирдаггүй учраас ийн аашилж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд хэмээх хүндэт албыг хашиж буйн хувьд тэрбээр жирийн иргэний асуултад худлаа ч болов санаа зовнисон өнгөөр хариулж, ард иргэдэд хүндэлтгэлтэй хандах ёсзүйн баримжаанаас бага ч болов эзэмшсэн байх учиртайсан.

Р.САРУУЛ

ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN