|

ДАРХАН-УУЛ АЙМАГТ МАЛЫН ГАЛЗУУ ӨВЧИН ИЛЭРЧЭЭ

ДАРХАН-УУЛ АЙМАГТ МАЛЫН ГАЛЗУУ ӨВЧИН ИЛЭРЧЭЭ

 

Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-гийн хоёр үхэрт галзуугийн шинж тэмдгээр өвчилжээ.

 
Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч энэ сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Ингээд ХХАА-н яамны Сайдын зааврын дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох талаар Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гаргасан юм.
 
Захирамжийн хүрээнд Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байна. Галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийжээ.

Тиймээс малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулж байна.
 
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
 
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67 ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. 

Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

О.Сайхан