Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжиж, хүн төрөлхтний хэрэглээ улам ухаалагжиж байгаагийн хэрээр эргээд асар их эрсдэл дагуулж байна. Хэдийгээр цахим хэрэглээ бидний ажил, амьдралын салшгүй хэсэг болсон ч хэсэгхэн хормын сэтгэл хөдлөл, болгоомжгүй, хэнэггүй үйлдлийн цаана хувийн орон зай, мэдээллийн аюулгүй байдал алдагдаж байдаг аж. Ялангуяа бидний өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүкийн энгийн л "тоглоом” биднийг ямар эрсдэлд оруулж байгааг анхаарах цаг болжээ.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын тоон мэдээллээр интернетээр мэдээлэл авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 2009 оны байдлаар 106000 байсан бол 2016 оны хагас жилд 2512700-д хүрсэн байна. Мөн 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг гэх судалгаанаас харахад иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагаар далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэх томоохон орон зай үүссэнийг харж болох юм.
Хамгийн ойрын жишээ дурдахад, фэйсбүүк хэрэглэгчид интернэт сонжоо, төрөл бүрийн тоглоомын апплейкшныг ямар ч хяналт, анхаарал болгоомжгүйгээр хувийн зугаа болгож хэрэглэж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл,"Та Холливудын ямар кино одтой адилхан бэ”, "Хөгшрөхөөрөө ямар царайтай болох вэ”, "Энэ жил танд юу тохиолдох вэ” зэрэг сонжоо таны нэг хормын зугаа байж болох ч таны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн алдагдуулж, хожим ямар эрсдэл учрахыг тооцоолж байх ёстой юм. Ялангуяа, сүүлийн өдрүүдэд интернэт хэрэглэдэг хүн бүрийн сонирхож татаад буй эсрэг хүйстний царайнд хувиргах "тоглоом” руу орж үзсэн л бол таны хувийн мэдээлэл их бага хэмжээгээр алдагдах эрсдэлтэйг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Тиймээс бид Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран нууц үг, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.
БАТАЛГААГҮЙ WIFI СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХГҮЙ БАЙХ
-Аппликейшн татаж суулгахын тулд хувийн мэдээлэл, картын дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээлэл зэргээ өгөх шаардлагатай болдог. Байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд жирийн иргэд ч интернэтээр бараа үйлчилгээ худалдаж авах, бусадтай харилцахаас авахуулаад татварын тайлан илгээх, төлбөр төлөх зэрэг албан ёсны санхүүгийн гүйлгээг хүртэл цахимаар хийдэг болсон.
Тиймээс хувийн мэдээллээ ашиглах үедээ гар утас, таблет, компьютер зэрэг хувийн төхөөрөмжиндөө нууц үгний хамгаалалт байнга хийж байх хэрэгтэй. Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдох нь WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлд оруулдаг байна. Мөн гар утас, таблет, iPad-даа зураг, дансны нууц код гэх мэт хувийн мэдээллээ хадгалахгүй, бусдад дамжуулахгүй байх хэрэгтэй. Өөрийн төхөөрөмжинд нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж, хатуу диск инкрифт зэрэг нууцлал аюулгүй байдлыг хангасан наад захын тохиргоонуудыг хийсэн байх хэрэгтэй.
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНЭЭС САНАЛ БОЛГОСОН ПРОГРАММЫГ ТАТАХГҮЙ БАЙХ
Түүнчлэн олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон программ хангамж болон бусад материалыг шууд татаж авахгүй байх хэрэгтэй юм. Бусдын гар утас, таблет, компьютерийг ашиглахдаа хувийн мэдээллээ аль болох ашиглахгүй, олон нийтийн сүлжээнд холбогдохоос татгалзах хэрэгтэй.
Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой олон төрлийн эрсдлүүд байдаг бөгөөд тэдний зарим нь маш ноцтойд тооцогддог. Зарим төрлийн вирусууд компьютерийн системийг бүхэлд нь устгаж байхад зарим нь таны компьютер луу нэвтрэн ороод бусдын компьютерт ч кибер халдлага хийж байдаг аж. Нөгөө хэсэг нь таны төлбөрийн картын мэдээллийг хулгайлан худалдан авалт хийж байх жишээтэй. Хэдийгээр маш сайн хамгааллаа гээд дээр дурдсан эрсдэлүүдэд өртөхгүй гэх баталгаа байхгүй ч, дараах алхмуудыг мөрдсөнөөр эрсдэлд орох боломжийг багасгаж чадах юм.
-Хортой код - хортой код буюу malware нь таны компьютерт нэвтрэн орж дайралт хийдэг бөгөөд доорх онцлог чанаруудыг өөртөө агуулсан байдаг.
-Таны компьютерт вирус тараахаасаа өмнө таныг ямар нэг зүйлийг хийхийг шаарддаг. Голчлон захидлын хавсралтыг нээж үзэх юмуу ийм цахим хуудас руу орно уу гэж шаардана.
-Зарим хэлбэр нь таны ямар ч оролцоогүйгээр буюу таны программ хангамжийн сул байдлыг ашиглан вирүсээ зүгээр л тараана. Таны компьютер нэг л вирүстчихвэл хортой код бусад сүлжээн дэх компьютерүүдийг вирүстүүлэх гэж хичээх болно. Хортой код нь и-мэйл, цахим хуудас, интернэт программ хангамжаар дамжин халдварлана.
-Зарим хорт код нь таны өмнө ганцхан зүйл мэт харагдах боловч далдуур огт өөр үйлдэл хийдэг. Жишээлбэл компьютерийн хурдыг сайжруулагч нэртэй программууд үнэн хэрэг дээрээ таны нууц мэдээллийг алсад байгаа зөвшөөрөлгүй нэвтрэгч рүү илгээж байж ч мэднэ.
-Хамгаалалт сул байх - Ихэнх тохиолдолд компьютерийн хамгаалалт сул байх нь компьютерийн программын алдаанаас үүдэлтэй байна. Аттакерууд эдгээр алдаанууд дээр дөрөөлөн таны компьютерийг вирүстүүлдэг учраас тогтмол update хийн, компьютерээ сайжруулах нь чухал юм.
Тиймээс та дээрх үйлдлийг санаж хамгийн наад зах нь танд санал болгосон фэйсбүүк "тоглоом”-оос болгоомжлох хэрэгтэй юм.
Зууны мэдээ
С.Уянга