Ц.Нямдорж: Ардчилсан нам Үндсэн хуулийг "сүхдэж” гол судсыг нь тасаллаа
-УИХ-ын ээлжит бус чуулган нээлтийг хийлгэхгүй гэж танай намынхан дөрвөн өдөр гацаасан. Гэвч Баасан гаригт чуулганы нээлтийг хийнгүүтээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эргүүлэн татах тогтоолын төслийг хэлэлцээд чуулганаа хаачихсан. Эндээс харахад ээлжит бус чуулганы гол зорилго нь Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлөхөд чиглэгдсэн байжээ гэсэн хардлагыг улс төрийн хүрээнийхэнд төрүүлэх болсон. Танай намын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлсөн УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа?
-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл Цэцэд оччихсон байгаа. Цэцийн дүгнэлт гарчих вий гэж эмээж, эрх мэдлээ ашиглаж ээлжит бус чуулган гэгчийг зарласан. Тэр чуулганаар бараг 30 шахам хуулийг хэлэлцэхээр эх оронч дүр эсгээд, эцсийн дүндээ айлган сүрдүүлэх, хууран мэхлэх аргаар ирц бүрдүүлж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө хөөж явуулах шийдвэр гарангуут тэр оройноо чуулганыг тараалаа. Ардчилсан нам энэ увайгүй үйлдэл, шийдвэрээрээ Үндсэн хуулийг "сүхдэж”, түүний амин сүнс нь болсон "эрх мэдэл хуваарилах” замаар засаглал тэнцвэртэй, төр тогтвортой байх зарчмыг устгалаа. 1998 онд АН мөнгөнд шунахдаа Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг сүхдэж эзэлж авч байсан. Энэ удаад Үндсэн хуулийг сүхдэж төрийн бүх эрх мэдлийг ямар ч хяналтгүй эзэгнэх улс төрийн үйлдэл хийлээ.
Ээлжит бус чуулган гэгчийн тухайд цөөн үг хэлье. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд ээлжит бус чуулган олон удаа хуралдаж байгаагүй. Сүүлийн хоёр удаагийн ээлжит бус чуулган гэгчийг улс төрийн хор хуйвалдаан зохион байгуулах зорилгоор хийлээ. 2015 оны зуны ээлжит бусаар зарим сайд нарыг засгаас хөөж явуулах, Өршөөлийн тухай хууль батлах, сая Үндсэн хуулийн Цэцийн даргыг хөөж явуулах зорилгоор зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, УИХ удирдаж байгаа хүн муу юм хийхийн тулд зарладаг ийм чуулган болж хувирлаа.
Үндсэн хуулийн заалтаар бол УИХ-ын ээлжит чуулган жилд хоёр удаа хуралддаг. Тухайн чуулганы төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг товлодог. Засгийн газар болон УИХ-ын гишүүд нь түүндээ бэлтгэдэг ийм дэг журамтай юм л даа. Сүүлийн хоёр ээлжит бус чуулган бол Монгол Улсын төрийн түүхэнд, тэр тусмаа УИХ-ын түүхэнд нэг хүний дураар авирлах явдлыг гааруулсан үйл явдал боллоо. Улс төрийн хуйвалдаан зохион байгуулах, хор хутгах, төрийг дампууруулах, төрийг хяналтгүй болгох ийм л зүйлийг нэг хүн дураараа зохион байгуулаад байна. Бид нар Үндсэн хууль зөрчсөн хуралдаанд оролцохгүй гээд мэдэгдэл хийгээд хуралдаанд ороогүй байсан. Тэр үеэр гишүүдийн дунд нээлттэй сонсгол нэртэй жижигхэн болхи хошин шог явлаа.Тэр дээрээ "хуулийн байгууллагын шинэчлэл хийх гэсэн чинь эд нар саад болж байна”, "халамж авдаг хүмүүсийг амьдралыг сайжруулах гэсэн эд нар хуралд орж ирсэнгүй”, "ажил саатуулж байна” гэж нэг мундаг эх оронч баахан юм ярьж байгаад шууд Үндсэн хуулийн Цэцийндаргыг чөлөөлж аваад орой нь хурлаа хаачихсан. Энэ бол эрх баригчид тэр тусмаа АН-ынхан ард түмнийг хэрхэн хууран мэхэлдгээ илчилсэн улс төрийн арчаагүй эмгэнэлт жүжиг байсны нотолгоо. Тэд үүнийхээ горыг тун удахгүй өөрсдөө амсах болно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна гэдэг үгтэй юм.
-ҮХЦ-ийн даргыг огцруулах үндэслэл байсан гэдгийг зарим хуульч гишүүд тайлбарлаж байна. Цэцийн дарга өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн нь УИХ-аас "шийтгэл” хүлээх үндэслэл болсон юм биш үү?
-Наад асуудалд чинь хариулахын тулд эхлээд Үндсэн хуулийн цэцийн мөн чанарыг ойлгох ёстой юм. Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд "Цэц бол Үндсэн хуулийн сахиулах баталгаа бөгөөд ... зөвхөн Үндсэн хуульд захирагдана ... гишүүдийг нь 6 жилийн хугацаагаар томилно” гээд заачихсан байдаг юм. Энд Цэц хуульд захирагдана гэсэн үг байхгүй байгаа биз. Яагаад гэвэл УИХ-аас баталсан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөрчсөн бол хүчингүй болгодог онцгой эрхтэй учраас тэр. Ингэж л УИХ дураар авирлахыг таслан зогсоох эрхийг Цэцэд өгсөн байдаг. Үүнийг чинь л нөгөө "эрх мэдлийн хуваарилалт, харилцан тэнцвэртэй байх” гээд байгаа юм.
Хоёрдугаарт, Цэцийн гишүүдийг ямар ч тохиолдолд зургаан жил ажиллуулах ёстой юм. Улс төрийн сонгуулийн мөчлөгийг зөрүүлж хараат бус байлгах гэж ийм заалт Үндсэн хуульд оруулсан. Гэтэл сая юу болсон бэ гэхээр Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлснөөр ҮХ-ийн хяналтыг байхгүй болгоод цэцийг өөрийг нь улс төрийн байгууллага болгох ийм л сүүлчийн үйлдлээ хийлээ. Өмнө нь зургаан жилийн хугацаатай Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хөөж явуулсан. Одоо Үндсэн хуулийн дээд хяналт тавьдаг Цэцийн даргыг хугацаанаас нь өмнө мулталлаа. Одоо Цэцийн даргаар эдний үгнээс гардаггүй, тэдний бүх улс төрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг, бүх дураар авирлах үйлдлийг нь зөвтгөсөн дүгнэлт гаргаж өгдөг хүнийг тавина. Эцсийн дүндээ улс төрийн нэг жижигхэн намын дарга Монгол Улсын Үндсэн хууль дээр гараад хэвтчихсэн ийм л үйлдэл боллоо. Энэ бол Үндсэн хуулийн эргэлт, хатуухан үгээр хэлэх юм бол төрийн эргэлт. Төрийн эргэлт гэхээр чинь дандаа цэргийнхэн төр эзэлж авахыг хэлдэг юм биш. Хууль бус аргаар Үндсэн хууль дээр, төрийн зарчим дээр гарч хэвтэхийг Үндсэн хуулийн эргэлт гэж би хэлээд байгаа юм. За яахав өнөөдөр эд нар өнөөдөр дийлж байна гэж бодоход дараагийн улс төрийн хүчин гарч ирээд эд нараас долоо доор юм хийгээд эхэлвэл яах вэ. Яг ийм үүд хаалгыг эд нээлээ. Өөрөөр хэлбэл, улс төрөөс ангид байж, улс төрийн нам түүний удирдагч нарын улс төрийн сонирхлыг үл харгалзаж, Үндсэн хуульд үнэнч байж, шийдвэр гаргадаг ийм байгууллагыг улс төрийн байгууллага болгох юм хийлээ. Энэ нь цаашдаа Цэцийг эрх ашгаараа сүлжилдсэн, сүлбэлдсэн олигархуудын эрх ашгийг хамгаалдаг улс төрийн байгууллага болгох зорилготой юм. З.Энхболдын цаад талд тав, зургаан олигарх толгойлогчтой фракцууд л байгаа биздээ. Энэ олигарх толгойлогч нар нь нийлж байгаад бүхний дээр гарах сонирхолтой байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг чинь техникээр ярих юм бол Үндсэн хуулийн "гал хамгаалагч” гэсэн үг шүү дээ. Үндсэн хуулийг гадны гэмт, ёс бус үйлдлээс хамгаалдаг гал хамгаалагчийг нь сая шатаагаад хаячихлаа. Улс төрийн үр дагавар нь энэ юм. Тэгээд чөлөөлөхдөө дандаа хууль зөрчиж хийсэн. Ж.Амарсанаа гэдэг хүнийг анх илгээсэн байгууллагын (Дээд шүүх) санал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хоёрыг авч үзээд хоёулаа "За” гэж хэлсэн бол хугацаанаас нь өмнө чөлөөлөх процесс явагдах ёстой. Дээд шүүх гэдэг ганц Ц.Зоригт биш. Дээд шүүх гэдэг чинь Ц.Зоригт дээр нэмэх нь 25,26 гишүүн байх ёстой. Энэ 25,26 гишүүн хуралдаад санал хурааж байж эргүүлэн татах эсэхийг шийддэг. Гаргасан саналаа цэцэд өгнө. Цэц тухайн саналын зөв гэж үзэх юм бол манай хүнийг чөлөөлнө үү гэсэн саналыг УИХ-д оруулж ирж байж шийдэх ёстой. Ийм бүх цоож байхгүй болсон.Үндсэн хуулийг хамгаалсан бүх цоож байхгүй болсон.
-Үндсэн хуулийн Цэцийг улс төрийн байгууллага болгочихлоо гэж та хэллээ. Цэц угаасаа улстөржсөн байгууллага болчихсон байсан биз дээ? Улс төрийн захиалгат шийдвэр гаргалаа гэж дандаа шүүмжлэлд өртдөг байсан?
-Үндсэн хуулийн гол судсыг таслах ажил гурван үе шаттайгаар явагдсан. Эхний ээлжинд Цэц найман хувийн зээл зогсоолоо гэсэн гүтгэлгийг бүх арга хэрэгслээр явуулсан. Энэ бол дайны үеийн хэллэгээр галын цохилт байсан.
Хоёрдугаар шатанд "Үндсэн хуулийн Цэцийн хуульд өөрчлөлт оруулах хууль” гэгчийг гэнэт санаалчилж тэрийг батлах гэж баахан юм болсон. Тэр хууль гээч юм аа эд нар Энхбаярыг шадар сайд болгоно гэж хуурч байгаад ирц бүрдүүлж баталсан.
Гуравдугаарт, тэр хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцийн дүгнэлт гарсан байхад уг дүгнэлтийг хэлэлцэлгүй хууль зөрчиж улмаар Ж.Амарсанааг хөөж явуулсан. Яг л Ливийн удирдагч байсан Каддафийг олны өмнө ил цаазалсан шигээр Үндсэн хуулийг эд цаазаллаа.
-"Шударга ёс” эвслийн зарим гишүүн орж ирээгүй бол чуулганы ирц бүрдэхгүй байсан байх. Гэхдээ УИХ-ын үйл ажиллагааг гацаалаа гээд танай намд ямар ашигтай гэж. Чухамдаа чуулганыг гацаанаас гаргасан хүн бол Д.Тэрбишдавга гишүүн гэж АН-ынхан ярьж байна?
-Энэ Их хурал ажлаа эхэлж байхад би Тэрбишдагвын талаар нэг юм хэлсэн байхаа. Тэр л болж байхгүй юу. "Шударга ёс” эвслийн нөхдүүдийг Засгийн газраас чинь гаргана гэж айлгаж сүрдүүлсэн байна лээ. Хуралд ороогүй нь хөөгдсөн тохиолдолд сул орон гарна биз дээ. Зарим нь түүнийг битүүдээ харж хуралд суусан, зарим нь ч сайдын суудалдаа үлдэх гэж ирцэд орсон байх шүү. Ямар ч байсан Н.Энхбаярт үнэнчээрээ үлдсэн З.Баянсэлэнгэ нь завсарлага авах гээд чадсангүй.
-Чуулганы ирц бүрдүүлээд, Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулахад оролцлоо гэж танай намынхан Д.Тэрбишдавга гишүүнийг буруутгаж байгаа юм аа даа?
-Биш. З.Баянсэлэнгэ мэтийн гишүүдийг дуудаж айлгасан дуулдана лээ. Харин ээлжит бус чуулганд "Шударга ёс” эвслийн зарим гишүүн орж ирсэн байдаг чинь Засгийн газраас зарим нэгийг нь мулталчих юм бол Шадар сайдын суудалд намайг суулгачихаж мадагүй гэж бодож орсон байж мэдэх юм. Тийм л дүр зураг харагдаад байгаа юм. Энэ процессын дунд бас нэг зүйл харагдсан. Юу вэ гэхээр "Шударга ёс” эвсэл гэдэг юм байхгүй болсон. Ер нь бол нэлээд эрт байхгүй болж, нүд анисан гэдэг нь илэрхий болсон.
Нэгдүгээрт, эд нар даргаа сонгож чадахгүй 4,5 сар болж байна. Батцэрэг чинь олон албан тушаалдаа тээртээд хаврын тураалд орсон тэмээ шиг болчихсон байна лээ. Хоёрдугаарт, сүүлийн олон сарын хугацаанд эвсэл нэг ч удаа хурал хийгээгүй гэдгийг О.Баасанхүү яриад байдаг. Гуравдугаарт, "Шударга ёс” эвсэл Энхбаярынхаа үгэнд орохоо байгаад удаж байна. Бүгд сайн дурынхан болсон. Одоо бол Н.Энхбаярын үгэнд ганц З.Баянсэлэнгэ л орж байгаа байх. Тийм учраас Л.Цог, О.Баасанхүү, Д.Цолмон, Д.Тэрбишдагва нар ээлжит бус чуулганд орж суусан, Ч.Улаан нь байхгүй байсан. Шадар сайдаар Н.Энхбаярыг тавина гэж баахан хошгоруулж байгаад Засгийн газраа авч үлдсэн. Дараа нь АТГ-аас санал авах нэрийдлээр бичиг явуулаад Энхбаяраа хуурчихсан. Ийм л юм болсон. Би тэр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль хэлэлцэж байх үед зарим хуульч санаатай юмнуудад нь "Наана чиньҮндсэн хуулийн эргэлт болох гэж байна. Та нар үнэхээр шударга ёсны хувьсал хийнэ гэж ярьж байсан чинь үнэн юм бол Үндсэн хуулийн эсрэг ажиллагаанд оролцох хэрэг байгаа юм уу” гэж ярьсан. Чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Тэгээд сүүлд нь Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг ярьж байхад З.Баянсэлэнгэ завсарлага авах гэж баахан оролдсон. Бүлгийн дэд дарга нь завсарлага авах гээд явж байхад Д.Тэрбишдагва мэт нь ороод сууж байна гэдэг чинь эд нар гүнзгий хагаралтай байгаагийн шинж.
-Цэцийн дүнэлтийг дүгнэсэн албан бичиг явуулсан гэж та Хууль зүйн байнгын хороон дээр хэлсэн. Энэ ямар учиртай вэ?
-Д.Ганбатад албан бичиг явуулах эрх байхгүй. Үндсэн хуулийн Цэц дээр хуулийн талаар маргаан үүсвэл УИХ дуугүй заасан хугацаанд нь тайлбараа өгөх ёстой юм. Одоо чинь хулгай хийчихээд шоронд орохдоо өлсөж айлгаад зугтдаг моод Монголд дэлгэрсэн. Сая баталсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь илт байсан учраас дүгнэлт гарчих вий гэж айгаад цаг хугацаа хожих гэж тийм бичиг явуулсан. Хууль зүйн байнгын хороо хуралдаад олонхийн шийдвэр гарсан үед Д.Ганбат төлөөлөх эрх үүсдэг. Цэцэд явуулсан бичгийг чинь бол дангаараа явуулсан, ийм бичиг явуулна гэж Байнгын хороон дээр яриагүй.
Хоёрт, Тамгын газрын даргаараа Цэцийн дарга Үндсэн хууль зөрчсөн гэдэг бичиг хийлгэж байгаад хууль зөрчсөн болгоод зохион байгуулчихсан. Монголын төр гэмт хэргийн шинжтэй болж байгаагийн хамгийн том илрэл энэ дээ. Эрх баригчид дотроо таваас зургаан бүлэгт хуваагдсан. Эдгээр бүлэглэл шантааж хэлбэрээр ажлаа хийдэг. Өөрсдийнх нь эрх ашигт нийцэж байвал төрийн ямар ч хуулийг бид нар зөрчиж байх эрхтэй гэж үздэг. Тэрийгээ балмад түрэмгий аргаар гүйцэлдүүлдэг ийм л юм сая харлаа.
Улс төрийн нам ингэж л гэмт бүлэглэлийн шинжийг олдог юм. Буруу тийш залбал нам, гэмт бүлэглэл хоёрын хоорондын зай нэг метр л байдаг. Ардчилсан нам улам бүр гэмт бүлэглэлийн шинжтэй болж байна. Гэмт үйлдэлд орооцолдоод байгаа учраас эдэнд өөрийн прокурор, шүүгч, Цэц хэрэгтэй, тэдгээр нь хэргийг нь хааж суудлынхаа төлөөсийг төлнө. Энэ бол зөвхөн Ардчилсан намд биш , улс төрийн бүх намд хамаатай үг шүү.
-Өмнө нь Засгийн газрын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн санаачилж болдог байсан. Гэтэл Цэц энэ заалтыг "авчихсан”. Тухайн үед та Цэцийн даргын эгүүлэн татах нь зүйтэй хэмээн үзэж байсан. Гэтэл одоо эгүүлэн татсан процесс нь өөр болохоос татах нь зүйтэй хэмээн УИХ-ын чуулганаар дэмжлээ шүү дээ.
-Сая тэр үндэслэлээр чөлөөлөөгүй. Шал өөр үндэслэлээр чөлөөлсөн. Би тэр үед та нар авлигын шинжтэй үйлдэл хийсэн Цэцийн даргаа хугацаанаас нь өмнө эгүүлэн татах асуудлыг хууль номынх нь дагуу ярь. Тэгвэл бид хурал чуулганд чинь орно гэсэн. Харин авлигал өгсөн Засгийн газрыг бас хөөж явуулаарай. Ийм үйлдлийнх нь төлөө энэ Засгийн газрыг Ж.Амарсанаатай хамт явуулах байсан юм. Гэтэл мэдэн будилж хав дарж өнгөрөөсөн. Сая бол шал өөр үндэслэлээр хугацаанаас нь өмнө эгүүлэн татах хууль бус үйлдэл хийсэн. Яагаад тухай үед хийж чадаагүй вэ гэхээр Засгийн газартай хамт хариуцлага тооцохооос өөр аргагүй байдалд эд нар орчих гээд байсан юм.
Одоо би Цэцийн гишүүд Үндсэн хуулиа хамгаалж чадах уу, үгүй юу гэдгийг хараад сууж байна. Эд аягүй бол хуйвалдсан даа. Яагаад гэвэл Ж.Амарсанаагийн оронд Цэцийн даргын суудалд суучих юмсан гэж горьдсон этгээдүүд бий, бас даргатайга таардаггүй хүмүүс бий. Тэд энэ л арчаагүй тооцоо, бодолдоо хөтлөгдөж Үндсэн хууль хамгаалах үүргээ золигт гаргана даа. Сая жишээ нь, УИХ-ын даргатай холбогдсон асуудлаар хурал хийхээр болоход Цэцийн гишүүн Цогт Солонгоо хоёрыг Солонгос руу зугтаалгасан. Үндсэн хуулийн маргааныг хэлэлцэх хурлын ирцийг нь ингэж бойкотолсон байна лээ. Шүүх хурал зарлачихсан байхад шүүгч нь гадаад явчихна гэж байх уу.
Энэ чинь Цэц улс төрийн нөлөөнд орж байгаагийн, бас улс төрийн байгууллага болж байгаагийн өнгөц илрэлүүд. Улс төрийн зорилгоор томилогдож даалгавраа "сайн” биелүүлсэний төлөөсөнд саяхан гавьяатаар шагнуулсан Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцийн даргаа эрх мэдлийн шуналд донтсон этгээдүүдэд зүгээр л үнэгүй "закуска” шиг шидэж өгчихөөд юу ч болоогүй юм шиг хээвнэг алхаж байгаа биз. Хуулийн байгууллагыг улстөржүүлэхээр гор нь ингэж л гардаг юм даа.
-Танд баярлалаа.
Т.Давааням